Анх удаа цэцэрлэгийн босго алхаж буй хоёр настнууд өглөө сэрсэн цагаасаа эхлээд л ангидаа орох хүртэлх хугацаанд тасралтгүй уйлах тохиолдлууд цөөнгүй. Тэдэнд хамгийн чухал нь аав, ээжийн болоод багшийн харилцаа, дэмжлэг, бас дасан зохицох цаг хугацаа хэрэгтэй. Тэднийг цэцэрлэгт хурдан дасгахын тулд бид юуг анхаарах хэрэгтэй вэ?Хүүхдийн мэдрэлийн системийн онцлог, хүмүүжсэн орчин , эцэг эхийн хандлага зэргээс шалтгаалан цэцэрлэгт дасах хугацаа янз бүр байдаг байна.
Цэцэрлэгт нь хүргэж өгөх

Ээждээ эсвэл аавдаа их дассан салж чаддаггүй хүүхдийг өвөө эмээ нь ч юмуу өөр хэн нэг хүн хүргэж өгөх хэрэгтэй. Ээж аав нь ер нь бүх хүмүүс ажилдаа яваад орой ирдэг шиг миний хүү /охин/ ч гэсэн яваад орой ирнэ. Ганцхан чи жаахан учир чамайг хүргэж өгч, орой чамайг заавал авна гэдгээ сайн хэлж өг.Цэцэрлэгт нь хүргэж өгөөд явахдаа үргэлж “Баяртай” гэж хэлэх. Хэзээ ч хүүхдээсээ зугтаж, нүүр буруулж орхиж явж болохгүй.
Орчин

Амралтын өдрүүдээр цэцэрлэгээс гадуур тоглоомын төв, гадаа талбай гээд олон хүүхэд тоглож, бужигнасан газарт хүүхдээ аваачих хэрэгтэй. Цэцэрлэгтэй ижил төстэй орчинд хүүхдээ эхлээд дасгаарай.
Ярилцах

Таны хүүхэд цэцэрлэгийнхээ талаар ямар сэтгэгдэлтэй байгаа, өөрт нь ямар санагдаж байгаа талаар үргэлж асууж, ярилцаарай. Хүүхэд чинь шинэ орчинд хэрхэн дасаж байгаа, юу хүсэж байгааг нь анзаарч байгаарай. Цэцэрлэг хэзээ тарж, хэзээ гэртээ харих, хэн түүнийг хооллож, асрах талаар тайлбарлаж, тодорхой ойлголт өгөх нь зүйтэй.
Эерэг ойлголт өгөх
Цэцэрлэгт явахын урьд орой, унтахынх нь өмнө “маргааш цэцэрлэгтээ явна” гэдэг ойлголтыг хүүхдэдээ өгөх. “Маргааш яах билээ? Гоё цэцэрлэгтээ явна” гэх зэргээр үргэлж эерэг хандлага төрүүлэх нь чухал.Цэцэрлэг, сургуулийн талаар ном уншиж өгч, үүнтэй холбогдолтой хүүхэлдэйн кино хамтдаа үзээрэй.
Буцаж ирээд авна гэдгээ ойлгуулах

Ээж эсвэл аав маань буцаж ирээд намайг цэцэрлэгээс авна гэдгийг хүүхэд баттай ойлгосон байх шаардлагатай. Жишээлбэл, цагийн зүүнүүд хаана очиход буцаж ирж авахаа харуулж болох юм. Цэцэрлэгээс авахдаа хэлсэн цагтаа заавал авч бай, Зөвхөн эхний хоногуудад ч биш , цаашдаа ч адил. Үүнээс хүүхэд түгшиж эхэлдэг.Мөн хүүхдээ яаруу сандруу цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс аль болох зайлсхийгээрэй. Ийм байдал хүүхдийг төдийгүй томчуудыг ч тавгүйтүүлдэг. Тиймээс аль болох эрт очиж, тав тухтай байдлаар хүүхдээ цэцэрлэгт нь үлдээгээрэй.
Багшийн дэмжлэг авах

Хүүхэд ээж ааваасаа салахгүй зууралдаад байвал багш түүнийг тэвэрч авах, анхаарлыг нь өөр зүйлд хандуулах зэргээр дэмжлэг үзүүлнэ. Зурагтай ном, тоглоом харуулж анхаарлыг нь татах хэрэгтэй.