Амралт, хоол хүнсээ зохицуулаагүйгээс ходоод өвчилдөг. Монголчууд дунд ходоодны өвчлөл харьцангуй өндөр байдаг. Тэгвэл яаж энэ өвчнөөс сэргийлэх талаар зөвлөгөө хүргэж байна.
Юуны өмнө хоол хүнсийг бага, багаар сайн зажилж ид. Багаар идэх нь их идсэнээс хялбар шингэнэ. Өөх тос, халуун ногоо, шарсан хайрсан, хуурсан хоолноос аль болох зайлсхийх. Хоолны хордлогоор байнга өвддөг, ходоодны өнгөр нь алга болж, үрэвсэлтэй болсон хүн шинэ хятад байцааг сүүдэр газар хатааж нүдээд аяга буцалсан усанд цайны халбагаар хийж таглан 5 минут хандлаад өлөн элгэн дээрээ ууна. Өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө уувал үр дүнтэй гэнэ.
Ходоод муутай хүн өглөөд өлөн элгэн дээрээ 1-2 түүхий өндөг уух хэрэгтэй. Өндгөө сайн угаагаад хөргөлгүй байх нь зохистой. Өндөг уусны дараа 30 минутаас доошгүй хэвтэнэ. Ийнхүү нэг сар өндөг уугаад дараагийн сард цэвэр зөгийн балыг хоолны халбагаар өглөө бүр өлөн элгэн дээрээ ууна. Хэрвээ ходоод тань нилээд муудсан байгаа бол жилийн туршид эмчилгээ хийхдээ 1 сар амарч, хавар намартаа хийвэл сайн.
Ходоод шархлах буюу хоол зохихгүй бол таван салааг хандалж ууна. Ходоод, цөсний өвчтэй хүмүүс байцааны хатуу голыг чанаж, шүүсийг нь уувал сайн. Мөн ходоодны архаг үрэвсэлтэй, хүчил багассан, ходоодны шархлаа, элэг дэлүүний өвчтэй хүмүүс гэрийн нөхцөлд бэлтгэсэн байцааны шүүснээс 3-7 хоногийн турш хагас аягаар өдөрт 2-3 удаа хоол идэхээс 40 минутын өмнө бүлээнээр нь ууна. Гаргаж авсан шүүсээ хөргөгчинд 2 хоногоос илүү хадгалж болохгүй.
Ходоодны салстах өвчний үед ногоон алим ид. Ногоон алимыг хальсалж, цэвэрлээд ногоо үрэгчээр үрж, исэлдэж харлахаас нь өмнө иднэ. Өвчин хүндэрсэн үед алим идэхээс өмнө ба хойно 5 цаг хоол идэхгүй. Харин гайгүй бол 4 цаг, өвчин эдгэрэх хандлагатай бол 3 цаг ямар ч хоол ундыг тэвчвэл зохино. Эмчилгээний явцад хоолны шингэц муудвал усаар бургуй тавина. Хамгийн чухал нь алимны нухаш идэхийн өмнө хоол хүнс хэрэглэхгүй байхыг анхаараарай.
Ходоодны хүчил ихтэй бол луувангийн шүүс уугаарай. Ходоодны хүчил хэдий их байх тусам машиндсан луувангийн шүүсийг төдий чинээ ихээр хэрэглэх нь зүйтэй. Ингээд нилээд хугацааны дараа шаналгаа арилж, өвчин дарагдаад ирэх үед луувангийн шүүсийг багасгах буюу зогсооно.
Ходоодны элдэв шарханд чацарганы тосыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уувал тустай.
Буцалсан усыг мөнгө ба зэс саванд хийж хонуулаад өглөө бүр нэг аягыг уувал цээж хорсож, хүчил ихдэх нь багасна.
Жамц давстай буцалсан усыг өглөөд нэг аягыг уувал ходоод гэдэсний хямралаас төдийгүй шархлаа өвчнөөс сэргийлж чадна.
Ходоод эмчилдэг ТОП хүнсүүд
Гурвалжин будаа буюу бор будаа
Бор будаа нь бүхэл үрийн будаа бөгөөд гадна хальс нь үгүй болсон ч хүрэвтэр өнгөтэй, самрын амттай, тэжээллэг хөврөл бүрхүүл нь хэвээр байдаг. Бор будаа нь их ч биш, бага ч биш яг таарсан элчлэг чанартай (100 грамм будаанд 330 ккал), мөн төрөл бүрийн ашигтай нүүрс ус, уураг, өөх тос, органик нэгдлүүд, Е, РР болон В төрлийн витаминууд, эрдэс давсаар баялаг. Бор будаа байнга хэрэглэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, ходоодны салслаг бүрхэвчийн үрэвслийг анагааж чадна.
Бууцай
Бууцайг “ногоон ургамлын хаан”, “ходоод гэдэс цэвэрлэдэг шүүр” гэж нэрлэсээр ирсэн нь жирийн хэрэг биш. Бууцайнд агуулагддаг эслэг нь нарийн гэдсийг цэвэрлэдэг нэг ёсны “шүүр” бөгөөд ингэснээр өтгөн хаталтыг зогсоож, хоол боловсруулах замын аливаа үрэвслээс сэргийлдэг. Бууцайнд 14 төрлийн аминдэм (С ,М, РР, Е, К, фолийн хүчил г.м) агуулагддаг, уургийн агууламжаар шошны төрлийн ургамлаас дутахгүй, эрдэс бодисоор баялаг, ялангуяа йод, төмөр, кали, зэс ихтэй.
Тараг
Антибиотик ууж буй хүмүүст ходоодоо хамгаалахын тулд тараг хэрэглэхийг зөвлөдөг. Тараг, йогурт нь ходоодны бичил нянгийн орчныг хэвийн хэмжээнд байлгаж аливаа үрэвсэл, цочролоос хамгаалдаг.
Хар чавга
Хар чавганы ундаа нь ходоод гэдсийг цэвэрлэж хоол боловсруулах замын ажиллагааг хэвийн байдалд оруулдаг хосгүй шидтэй. Өдөрт 4-6 ширхэг чавга идээд байхад л ходоод гэдэсний өвчнөөс айх юмгүй болдог байна.
Шош
Шош, вандуй зэрэг нь ходоод болон хоол боловруулах замын салслаг ханыг гэмтээдэг хүчлийн илүүдлээс хамгаалдаг. Мөн торлогийн агууламж ихтэй тул өтгөн хаталтыг зогсоож, шамбарам болон бусад олон төрлийн өвчнөөс сэргийлнэ.
Ус
Өдөрт 2 литр орчим цэвэр “түүхий” ус уух нь ходоод гэдэсний аливаа асуудлыг бүрэн шийднэ. Ходоод өвдөхөд ус ууснаар өвчин намддагийг та нар анзаарсан байх. Ходоодны архаг өвчний үед ус бол супер эм гэнэ.
Хулуу
Хулууны эслэгүүд биеэс хорт бодисуудыг хөөн гаргаж илүүдэл холестеринийг цэвэрлэдэг. Хулуу идэхэд амархан цадах мэт болдог тул таргалах аюулгүй. Ялангуяа ахмад насныхан хулуу сайн хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр ходоод гэдэсний дотоод шүүрлийн булчирхайнууд идэвхжиж, хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна.