LOADING

Type to search

Зөвлөгөө

Галзуугийн халдвар авсан тохиолдолд 100 хувь нас баралтаар төгсдөг

Share

Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг, одоогоор эмчилгээний асуудлыг шийдэж чадаагүй, халдвар авсан тохиолдолд 100% нас баралтаар төгсдөг онцлогтой, зоонозын хурц халдварт өвчин юм.

Галзуугийн вирүс гадаад орчинд болон өндөр хэмд тэсвэргүй, 120С-оос доош хэмийн хүйтэнд удаан хугацаагаар амьд байдаг чадвартай бөгөөд мал амьтны сэг, зэмэнд 5-аас 90 хоног, 1 метрийн гүнд булсан мал, амьтны сэгний тархинд таван долоо хоногийн турш хоруу чанараа хадгалдаг байна.

Галзуу өвчний үүсгэгч вирүс нь зэрлэг амьтдын дунд тархсан байдаг. Манай улсын 21 аймгийн 226 суманд мал, амьтны галзуу өвчин бүртгэгдсэн, жилд дундажаар 130 орчим мал, амьтан галзуугаар өвчилдөг байна. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр нохой, чоно, үнэг, үхэр, адуу, тэмээ, бог малаас галзуугийн вирүсыг илрүүлсэн байдаг. Бусад улс оронд илбэнх, өмхий хүрэн, хярс зэрэг олон зүйлийн зэрлэг амьдаас илрүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд Америк, Австрали, Баруун Европын улсуудад сарьсан багваахайнаас халдвар авах тохиолдол нэмэгдэж байна.

Халдвар авснаас хойш эмнэлүзйн шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг халдварын нууц үе гэдэг бөгөөд энэ хугацаа нь галзуу өвчний хувьд 14 хоногоос 3 сар /7 хоногоос 1жил хүртэл/ үргэлжлэх ба шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй, төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино байна.

Эмнэлзүйн хэлбэр нь угтал үе, хөөрлийн үе, саажилтын үе гэсэн 3 үе шатаар явагддаг, галзуугаар өвчилсөн тохиолдолд цочромтгой, айж эмээсэн байдалтай, харанхуйд байх дуртай, нойр хоолонд муу, уруулсан хэсэгт өвдөх, загатнах, мэдрэлийн судал дагаж улайх, амнаас нь унжиралдсан шүлс гоожих, шүлсээ залгих чадваргүй болох, ус, салхи, гэрлээс айх зэрэг шинжүүд илэрнэ.

Галзуу өвчин дэлхий дахинд өргөн тархалттай, жилд дундажаар 55 000 хүн нас барж байна. Эдгээрийн ихэнх нь нохойноос халдвар авч өвчилсөн байдаг бөгөөд нас барсан хүмүүсийн 40 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна /ДЭМБ-ийн мэдээгээр/. 

Улсын хэмжээнд 21 аймгийн 251 сум, Улаанбаатар хотын 3 дүүрэгт мал, амьтны галзуу өвчин бүртгэгдэж байгалийн голомт тогтоогдсон байдаг. 1972-2014 онд 36 хүн галзуу өвчнөөр өвчилсөн бөгөөд эдгээр хүмүүсийн 52,2% нохойд, 22,7% нь малд, 15,7% нь чононд уруулж, 6,9% нь үнэгэнд хазуулсны улмаас халдвар авч нас барсан байна. 
Галзуугаар өвчилдөг эсвэл вирүс тээдэг зүйлд хамаарах амьтны дайралтад өртөж, хазуулах, уруулах, ноцуулах, самардуулах, шүлсдүүлэх, тухайн амьтан өвчтэй, зан төлөвийн өөрчлөлт илэрсэн бол, тэдгээрийн шүлсээр бохирлогдсон эд зүйлсд хүрэх, галзуугийн сэжигтэй болон галзуугаар үхсэн малын арьс шир өвчих, мах эвдэх, түүхий эдэд хүрэх явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдаж, гэмтсэн, шарх авсан хүнийг галзуугийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэж үзээд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Дэлхийд жилд 15 сая хүн галзуугаас сэргийлэх вакцин тариулдаг. Манай улсад 2014 онд галзуугийн сэжигтэй амьтны дайралтад өртсөн 85 тохиолдол бүртгэгдсэнээс 42.4% нь хөдөө орон нутагт амьдардаг малчид зонхилон эзэлж байна.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

• харьяалах эрүүл мэнд (сум, аймаг, дүүрэг)-ийн байгууллагад яаралтай хандах, мэдээлэх
• шархыг яаралтай угааж цэвэрлэх 
• галзуугийн эсрэг вакцин тариулах 
• шаардлагатай тохиолдолд галзуугийн эсрэг ийлдэс тариулах

Шархны цэвэрлэгээ

Шархнаас галзуугийн вирүсийг угааж зайлуулах, халдваргүйтгэлийн бодисоор үхүүлэх нь халдвараас хамгаалах үр дүнтэй арга тул уруулж, ноцуулж, шүлсдүүлэх зэргээр вирүсийн халдвар авах эрсдэл үүссэн тохиолдолд саван, угаагч бодис, вирүс устгах үйлчилгээтэй халдваргүйтгэлийн уусмал йод-повидон зэргийг хэрэглэж, шархыг усаар 15 минутын турш угаана.

Урьдчилан сэргийлэх эмчилгээ

Шархны байрлал, хэмжээ, галзуугийн сэжигтэй амьтантай хавьтсан байдлыг харгалзаж, эмчилгээг ялгавартай тогтоох бөгөөд вакцины болон ийлдсийн яаралтай эхлүүлж, бүрэн тунг авсан тохиолдолд галзуугаар өвчилж нас барахаас сэргийлнэ.

error: Content is protected !!