Хөхүүл хүүхдүүдэд тохиолддог хамгийн түгээмэл эмгэгийн нэг нь диатез. Энэ нь нэг төрлийн харшил аж. Үүнийг бид ихэнхдээ чихрийн хордлогоос болж гарч байна гэж ойлгодог.
Диатезтай хүүхэд өөрт нь их зовиуртай байдаг. Ээж нь ганц чихэр идсэн ч хүүхдийнх нь нүүрэн дээр улаан тууралтууд гарч, тэр нь загатнаж бяцхан үрсийг ихээр шаналгадаг. Энэ харшил нь хэсэгчилсэн тууралт гарах, хүүхдийн арьс хуурайшиж хогжруутах, хүүхэд уйламтгай, тайван бус байх зэргээр илэрдэг байна.
Хөхүүл буюу хүүхдэд 1-3 сартайд нь илэрсэн диатез хүүхдийг гурван нас хүрэхэд арилдаг байна. Тиймээс анхнаас нь энэ харшлаас сэргийлж, эрүүл хүүхэд төрүүлэхийн төлөө жирэмсэн ээжүүд маань анхаарах хэрэгтэй. Энэ эмгэг үүсэх шалтгаан нь дараахь байдлаас болдог байна. Үүнд:
-Ээж, аавынх нь хэн нэг нь харшилтай
-Ээж нь жирэмсэн байхдаа хэт хордлоготой байсан, эсвэл ханиад их хүрсэн
-Жирэмсэн байхдаа хэт их чихэрлэг зүйл хэрэглэсэн, газтай ундаа их уусан, жүүс амтлагч, халуун ногоо их хэрэглэсэн
-Жирэмсэн байхдаа хортой нөхцөлд ажилласан
-Жирэмсэн байхдаа хэт их антибиотик, тариа хэрэглэсэн эсвэл архи, тамхи хэрэглэдэг байсан.
Дээрх олон шалтгааны улмаас хөхүүл хүүхдүүд харшилтай болох, бие султай байх нь олон байдаг аж. Тиймээс жирэмсэн ээж та одооноос дээрх эмгэг үүсгэх шалтгаануудаас хол байж, эрүүл саруул хүүхэд төрүүлэх нь чухал юм.
Хүүхэд тань диатезтай бол
Нэгэнт таны хүүхэд диатезтай төрсөн бол ээж танаас их зүйл шалтгаална. Хөхүүл эхчүүд чихэр, шоколад, кофе зэргээс татгалзах хэрэгтэй. Ийм харшилтай хүүхдийг өдөр бүр усанд оруулж арьсыг нь дандаа хуурай байлгаарай. Мөн хүүхэд харшил гарсан хэсгийг маажихаас сэргийлж бээлий өмсгөх хэрэгтэй. Хамгийн чухал зүйлийн нэг нь ээж та өөрөө дур мэдэн янз бүрийн тос түрхэх, эм өгөх нь хамгийн хориотой. Ингэснээр харшлыг улам гүнзгийрүүлж хүндрүүлэх эрсдэлтэй тул мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөгөөр хүүхдэдээ тохирсон эмчилгээг нь хийгээрэй.