LOADING

Type to search

Зөвлөгөө

Жирэмсэн эмэгтэйд хамгийн хортой хүнсийг судалжээ

Share

Төмсний чипс, майонез, ургамлын тос зэрэг ханаагүй тосны төрлүүдийг агуулсан хүнс жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн хортойг судлаачид тогтоосон байна.

Journal of Physiology сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд австралийн гриффитийн их сургуулийн профессор Дианн Скелли “Жирэмсэн эмэгтэйчүүд хоолондоо анхаарах нь маш чухал. Тодорхой төрлийн тэжээллэг хүнсийг хэрэглэх нь ургийн эрүүл мэнд ба амьдралд сөрөг нөлөөтэй байж болохыг  илрүүллээ” хэмээн бичжээ.

Орчин үед эрдэмтэд зарим хүнсний бүтээгдэхүүн хүний жин төдийгүй тархи, судас, зүрх гэх мэт гол эрхтний эрүүл мэндэд хүчтэй нөлөөлдөг гэж үзэх болсон.

Ялангуяа эмч нар оливын тос, газрын дундад тэнгис орчимд ургадаг хүнсний ногоо зүрхний шигдээс, цус харвалт зэрэг өвчнөөс сэргийлдэг бол их хэмжээний давс зүрх судсанд муу нөлөөтэй хэмээн зөвлөдөг.

Харин сүүлийн судалгаанд ямар хүнс, муу зуршил жирэмсэн эх ба ургийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тогтоох оролдлого хийсэн байна.

Жишээ нь, хулгана дээр хийсэн туршилт болон эхийн ажиглалтаас үзэхэд загасны тос үр зулбалтыг багасгадаг бол тамхи бараг хоёр дахин нэмэгдүүлдгийг тогтоожээ.

Доктор Скеллийн судалгааны баг хулгана дээр туршилт хийсний үр дүнд ургамлын тос, майонезын найрлагад ордог омега-6 төрлийн ханаагүй тосны хүчлүүд эх ба урагт аюултайг илрүүлэв.

Эрдэмтэд туршилтын явцад организм дахь эдгээр тосны илүүдэл хавдрын үрэвсэл үүсгэх молекулуудыг идэвхжүүлж байгааг тогтоосон байна.

Үрэвсэл эхийн эрүүл мэндийг сулруулж, улмаар ургийн хөгжлийн саатал, үр зулбалтад хүргэх эрсдэл үүсгэх аюултай. Австралийн судлаачид ийм эрсдэл үнэхээр тохиолдож байгаа эсэхийг шалгахын тулд хулганын заримд нь линолын хүчил тав дахин ихтэй хоол өгсөн байна. Ийм хоол орчин үеийн хүмүүсийн хүнсэн дэх өөх тосны харьцаатай ойролцоо байхаар тооцжээ.

Улмаар эр хулганатай ойртуулсны дараа эмүүдийг ялган ажиглаж эхэлжээ. Судлаачдын баталснаар илүүдэл жингүй, диабет гэх мэт өвчлөлгүй атал туршилтын амьтны организм дахь үрэвслийн хэмжээ үнэхээр нэмэгдсэн байна.

Гэхдээ ургийн хөгжилд өөрчлөлт гараагүй авч эхийн биед зулбалт үүсгэдэг гормон нэмэгджээ. Ийм хооллолтын үр дүн үрийн хүйсэнд маш сонирхолтойгоор нөлөөлсөн гэнэ. Эр үр хөврөлийн харьцаа үл ойлгогдох шалтгаанаар 16 хувь буурсан бол эмийнхэд өөрчлөлт гараагүй аж.

Эрдэмтэд үүнийг эр үр хөврөл эсийн стресст амархан автаж, таагүй нөхцөлд түргэн үхдэгээс шалтгаалсан хэмээн тайлбарлав. Эрдэмтэд иймэрхүү эрсдэл болон ханаагүй тосны бусад сөрөг нөлөөг харгалзан жирэмсэн эхчүүдэд омега-6 тостой хүнснээс зайлсхийхийг зөвлөөд ялангуяа хүү хүлээж байгаа бол бүр ч илүү анхаарах ёстойг сануулсан байна.

error: Content is protected !!