LOADING

Type to search

Зөвлөгөө

Ой тогтоолтыг сайжруулж, тархиа дасгалжуулах аргууд

Share

Хүүхэд яагаад юмыг маш хурдан ойлгож, сурч асуултаар дүүрэн байдаг гээч? Тэд өөрсдөө ч мэдэхгүйгээр тархиа дасгалжуулж байдаг учраас тэр.

Ямар ч мэдээллийг интернетээс олоод авчихдаг болсон энэ цагт хүмүүсийн ой тогтоолт бага багаар муудсаар байна. Хэдхэн жилийн өмнө Монголын Нууц Товчоонд гардаг бүх хаад, баатруудыг мэддэг байсан би өнөөдөр хагасыг нь л санаж байгаагаа анзаарав. Тэгвэл энэ ой тогтоолтын асуудлын эсрэг ямар хялбархан арга хэмжээг авч болох вэ?

Маш сайн чанарын ном унш

Бидний ярьж заншсанаар социализмын үеийн номнууд найруулга сайтай, үгийн баялаг ихтэй байдаг. Үйл явдал, дүрүүд ихтэй ном уншвал бүр сайн. Тэр бүхнийг цээжилж, болж буй үйл явдлыг ойлгох гэж хичээх явц нь тархинд дасгал болно.

Компьютерын тоглоом

Тоглоом тоглох нь тархины бас нэгэн дасгал болдог. Гэхдээ ганц бөгөөд маш чухал дүрэмтэй байх ба тэр нь хамгийн дээд тал нь нэг цаг л тоглох юм.

Нойр

Тогтмол бас яг найман цагийн нойроо авч чаддаг хүний ой тогтоолт маш сайн байдаг. Өдрийн турш тархи их ачаалалтай байдаг учраас шөнө сайн амрах шаардлагатай. Хангалттай амарч чадсан тархи дараагийн өдөр илүү сайн ажиллана.

Шинэ зүйл сурах

Том жижиг гэлтгүй шинэ зүйл сур. Дугуй унаж сурах, юм нэхэж сурах, хувцас оёж үзэх, шаазан ваар хийж үзэх, шүлэг зохиох, тэмдэглэл бичих гэх мэт юуг ч оролдож болно. Гол нь тархиа дасал болсон хуучин зүйлсээр дүүргээд байлгүй шинэ салхи байнга оруулж байх хэрэгтэй.

Байнгын хэмнэлээ өөрчил

Өглөө бүр уудаг кофегоо цай жүүсээр соль. Зүүн гараараа бичиж сурах гэж оролд. Гэртээ өөр замаар алхаж харь. Эсвэл огт очиж үзээгүй газраа оч. Унтлагын хувцастай унтдаг бол нүцгэн унт. Амралтын өдрийг унтаж өнгөрөөдөг бол эрт босоод кофе шопд эсвэл уулын орой дээр өглөөг угт.

Тоо бод

Хүрдээ санаж байна уу? Шууд “Тийм” гэхээсээ өмнө эхнээс нь цээжээр хэлээрэй. Зөвхөн хүрд ч биш тэгш бус тоонуудыг хооронд нь нэмэх дасгал хий. Жишээ нь: 3485+297=?

Өнгөрснийг дурс

Өнгөрсөн жил, өнгөрсөн сар, бага насныхаа тухай, тэр үед болсон үйл явдлыг бүрэн бүтнээр нь бусдад дурсан ярь. Эсвэл бага насныхаа хүсэл мөрөөдөл, дурсамжийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй бич. Энэ нь нэг төрлийн ой тогтоолын дасгал болж өгдөг.

Гадаад хэл сурах

Гадаад хэл сурч эхлэх нь тархинд хамгийн сайн дасгал болно. Өдөр бүр тодорхой тооны шинэ үг, шинэ өгүүлбэр цээжилж, бичиж, хэлж сур. Нэг л мэдэхэд сонссон зүйлээ цээжлээд үлддэг болно.

Үгийн сангаа нэмэгдүүл

Шинэ, сонсоогүй үгийг байнга эрэлхийл. Тэр үг нь ямар утгатай, яаж үүссэн, ямар өгүүлбэрт ордгийг сайн судалж цээжил. Гэхдээ эх хэл дээрээ шүү.

Юуг болиулах вэ?

Интернетээс нэг хайсан мэдээллээ дахиж бүү хай. Тэр дор нь цээжилж сур. Мөн толь бичгээс нэг удаа харсан л бол дахиж бүү хар. Мэдэхгүй бүхнээ эсвэл урьд нь хайж байсан ч тогтоогоогүй зүйлээ интернетээс шууд хайгаад олчихож болдог учраас л бидний ой тогтоолт улам муудаад байгаа юм шүү дээ.

error: Content is protected !!