LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Ч.Наранцэцэг: Хөхний сүүгээр хооллосон хүүхдийн дархлаа сайн, өвчлөх нь бага байдаг

Share

Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээл юм. Тэгвэл түүний хамгийн чухал хоол бол эхийн сүү юм. Ингээд бид “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих долоо хоног” эхэлсэнтэй холбогдуулан ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр Ч.Наранцэцэгтэй  хөхний сүүгээр хооллохын ач холбогдлын талаар ярилцлаа.

-Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач холбогдлыг манай  уншигчдад хэлж өгөөч?

-Хүүхдийг эхийн сүүгээр хооллох энэ асуудлыг дэлхий нийтээрээ ярьж байна. Яагаад гэхээр эхийн сүү гэдэг бол хүүхдийн амьдралыг аврах шидтэй юм гэдгийг бүгд ойлгож байгаа. Энэ бол маш олон талын ач холбогдолтой л доо.

Эх хүүхэд хоёрт хоёуланд нь ач холбогдолтой. Юу гэхээр нярай хүүхдийн дархлаа сайжирна оюун ухаан цэлмэг болно. Хөхний сүү нэгдүгээрт эдийн засгийн хувьд хамгийн хямд, нярай хүүхдэд ямар ч аюулгүй эрүүл хүнс болж чаддаг.

Хүүхдийг төрснөөс хойш 30 минутын дотор ангир уургийг нь амлуулна. Эхний 3 хоногт хөхөнд ангир уураг боловсорно. Уураг нь сүүтэй харьцуулахад цайвар шар, өтгөвтөр өнгөтэй байна. Хүүхдийг 6 сар хүртэл хөхөөр хооллох хэрэгтэй. Хөхөөр хооллох нь эх ба хүүхдэд физиологийн маш чухал нөлөөтэй. Эх хүүхэд 2 бие биедээ дотносох, хайрлах зэрэг сэтгэл зүйн хувьд тааламжтай, гүнзгий сэтгэгдэл төрүүлэхэд тустай. Төрсөн цагаас нь эхлэн хүүхдийг хөхөөр нь хооллож, эхэд нь аль болох ойр байлгасан нөхцөлд хүүхэд бага уйлж, хурдан өсөж торнидог. Хөхний сүү хүүхдийн эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой.

Та түрүүнд хэллээ. Ээжид нь эерэг нөлөө үзүүлдэг гэж ямар ач холбогдолтой вэ?

– Ээж хүүхдээ хөхөөрөө хооллосноор нэгдүгээрт эх үрийн холбоо тогтдог, хоёрдугаарт хөхний хавдар болоод ямар нэгэн хавдарт өвчнөөс бүрэн сэргийлэгддэг. Гуравдугаарт сэтгэл гутралаас сэргийлж чаддаг. Мэдээж дахин жирэмслэх магадлал буурдаг. Үүнээс гадна ээж хүүхдээ хөхүүлнэ гэдэг маань у майг агшааж байдаг. Энэ нь төрсний дараах ямар нэгэн хүндрэлээс сэргийлж байдаг.

-Хүүхдийг хэдэн нас хүртэл нь хөхний сүүгээр хооллох нь зүйтэй вэ?

– Ер нь бол боломжтой бол хүүхдийг хоёр нас хүртэл буюу түүнээс  цааш хөхүүлж байх хэрэгтэй. Манай улсын хувьд харьцангуй хөхний сүүгээр хооллолт өндөртэй улсын тоонд ордог. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ тоо буурсан гэх баримтууд байна. Тэгэхээр ээжүүд маань өөрийгөө ч тэр үр хүүхдээ бодсон ч аль болох хүүхдээ хөхөөрөө хооллож байх хэрэгтэй.

-Зарим хүмүүс ярьдаг л даа. Хүүхэд шөнөжингөө хөхөө үлгэж унтсанаар хүүхдийн шүд хэврэг болоод байна гэж. Учир нь хөхний сүү чихэрлэг учир бутарч унах аюулд хүргэж байна гэдэг. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?

-Ийм зүйл огт байхгүй. Хөхний сүүний сөрөг тал гэж юу ч байхгүй. Харин  тэр тусмаа хүүхэд шөнө хөхөө хөхөх нь илүү өндөр ач холбогдолтой. Бид бол аль болох шөнө олон дахин босож хүүхдээ хөхүүлэхийг зөвлөдөг. Яагаад гэхээр шөнө хүүхдээ хөхүүлэх тусам хөхний сүүний ялгаралт нэмэгдэж хүүхдэд тэжээлтэй байдаг.

Сүүлийн жилүүдэд хөхний сүүгээр хооллолт багасах боллоо. Энэ юунаас болоод байна  гэж та харж  байна вэ?

Бид бүгд хөхний сүүгээр хооллох нь хүүхдэд ч тэр ээжид ч тэр сайн нөлөөтэй гэдгийг мэддэг мөртлөө төрсний дараа хүүхдээ хөхүүлэхгүй байх нь улам ихсээд байна л даа. Мэдээж энэ нь хүн бүрийн хувьд өөр өөр байдаг байх.

Төрсний дараа ээжүүд маш их ядардаг учир гэр бүлийнхэн нь амраах үүднээс цуг асарч байна гээд хүүхдийг нь авч хөхүүлэх цагийг нь холдуулаад энэ хугацаандаа хөхний сүү орлуулагч зэргээр угжих асуудал гардаг.

Тиймээс ээжүүд ийм зүйлээс аль болох ангид байж хүүхдээ хөхөөрөө хооллох нь илүү ач холбогдолтой гэдгийг бүрэн ухамсарлах шаардлагатай. Өөр нэг зүйл гэвэл зайлшгүй тохиолдолд эмчийн саналаар хагалгаа хийлгэж төрсөн эхчүүдийн хөхний сүүний ялгаралт өөрөөрөө төрсөн эхчүүдийнхээс бага байдаг энэ үед  өөрсдөө дур мэдэн хөхний сүү орлуулагч хэрэглээд байдаг. Ингэхээр мэдээж төрсөн эхийн сүү гарах нь багасдаг. Үүнээс болоод хүүхдээ цатгахгүй байсаар эрт хөхнөөс гаргадаг байдал ажиглагддаг. Тиймээс аль болох дээрх зүйлсээс  зайлсхийх нь зүйтэй юм.

-Зарим залуу эхчүүдийг ажиглаад байхад төрснийхөө дараа хөхөнд сүү орохгүй байна гээд ангир уургаа амлуулж чадахгүй байгаа зүйл ажиглагддаг. Тэгэхээр төрснийхөө дараа ийм зүйлтэй учрахгүйн тулд төрөхөөсөө өмнө юуг анхаарах ёстой вэ?

-Ерөнхийдөө эхчүүд төрөхийн өмнө  хөхөө бэлдэх ёстой. Хүүхдээ хөхүүлэх сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой. Иймд хөхөндөө иллэг массаж хийж хөхний толгойгоо гаргах ёстой байдаг.

Ингээд төрсний дараа хөхөнд уураг орж эхлэх үед хөх зангирч чинэх тохиолдол байдаг. Энэ үед айж сандралгүй тайван байж хөхөндөө иллэг массаж хийж чинэрээг нь гаргаж хүүхэддээ хөхүүлэх хэрэгтэй. Хөх чинэрч байна гэдэг бол сүүтэй хэрнээ хүүхдээ хөхүүлж чадахгүй байна  гэсэн үг.

-Хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүнийг орчин үед их хэрэглэх болж. Та мэргэжлийн хүний хувьд ер нь үүнийг яаж хүлээж авдаг вэ, энэ нь хүүхдэд ямар сөрөг үр дагавартай байдаг юм бол. Зарим хүмүүс хэлэхдээ  ходоодыг нь муутгадаг гэх зүйл ярьдаг л даа?

Хөхний сүү орлуулагчийг  үйлдвэрлэгч байгууллагууд ямар ч сөрөг үр нөлөөгүй эхийн сүү шиг гэж рекламддаг ч таны хөхний сүүтэй хэзээ ч адилхан байж чадахгүй л дээ.

Үүнийг л манай эцэг эхчүүд ойлгох нь чухал болоод байна. Зарим  нэг онцгой тохиолдолд эхийн сүүг түр хугацаанд хорьсон үед хэрэглэж болох байх. Ерөнхийдөө бол ингэж хорих  өвчин бараг байхгүй. Мэдээж хөхний сүүгээр хооллосон хүүхэд, хөхний сүү орлуулагчаар хооллосон хүүхэд хоёрын хооронд асар их ялгаай байдаг.

Хөхний сүүгээр хооллосон хүүхдийн дархлаа хамаагүй сайн байдаг бөгөөд ямар нэгэн өвчнөөр өвчлөх нь бага байдаг. Нярай хүүхдүүдийн дунд гардаг аюултай өвчин болох гэдэсний үрэвсэлт өвчин тусах магадлал тун бага байдаг. 

Сүү орлуулагчаар хооллосон хүүхдийн хувьд өвчин тусах эрсдэл өндөр байдаг. Ямар нэгэн халдвар авах эрсдэл мөн өндөр. Яагаад гэхээр хүүхдийг угжаар хооллохын тулд ус буцалгаж халбагаар хийх гээд энэ бүгдэд хүний гар оролцож байгаа учир ариун цэвэр талаасаа ч тэр халдвар авах эрсдэл их байдаг.

Ярилцсанд баярлалаа.

error: Content is protected !!