LOADING

Type to search

Ухаарахуй

Сүйрлийн үүдийг хаасан Өндөр Богд

Share

Энэ гарчгийг би санаанаасаа зохиосон юм биш, монгол судлаач эрдэмтэд, түүхчид сүүлийн үед ингэж бичдэг боллоо. Ирэх сарын 25-нд анхдугаар богд Өндөр гэгээн Г.Занабазар хутагтын мэндэлсний 380 жилийн тэгш их ой тохиож байгаа. Энэ жилийн хувьд манай төр засаг, ард нийтээр анхдугаар Богдынхоо ойг жилийн турш тэмдэглэж байгаараа онцлог юм. Гадаад улс орнуудад ч энэ их хүний амьдрал намтар, Монголын болон Ази, Дорно дахины улс төр, соёл урлагийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, түүний холч ухааны талаар эрдэм шинжилгээний хурал ярилцлага, семинар болж, судалгаа сурталчилгааны бүтээл туурвилууд нийтлэгдсээр байна. Харин энэ түүхэн хүнийг төрөлх эх оронд нь олон жилийн турш үгүйсгэн гутааж ирсэн түүх бичлэгийн гажуудал, алдас эндүүрлийг арилган засахад дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны хөдөлшгүй эш үндэстэй баримт нотолгоо, дүгнэлт гол хүчин зүйл боллоо.

Ерөөс Монголын ард түмний туулж ирсэн урт буурал түүхэнд энэ улс үндэстэн орших, эс оршихын ирмэгт олонтоо тулж ирж байжээ. Бахархууштай нь, ийм хүнд цаг үед, аюул сүйрлийн үүдийг хаасан, тойрон гарсан, сөрөн дайрч ялсан эрэлхэг зоригтон, ухаант мэргэн удирдагчид Эзэн Чингис хаанаас өмнө ч хойно ч, хэрэгцээтэй цаг үед тодрон гарч байжээ. Тэр түүхэн суут хүмүүсийн нэг нь дээд тэнгэрийн ивээл, дээдсийн маань заяа түшиж мэндэлсэн Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Г.Занабазар хутагт яахын аргагүй мөн байсныг өнөөдөр л бид арайхийн ухаарч, ярьж бичиж эхэллээ. Гэвч энэ нь монголчууд бидний мунхаг арчаагүйнх биш, гадаад орны улс төрийн хорлонт бодлогын олон жилийн явуулгаас үүдэлтэй нь эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, шинээр шинжлэх ухааны эргэлтэд орж буй архивын баримт сэлт, мэдээ тэмдэглэлээс ил болж байна. Энэ талаар дэлгэрүүлэн өгүүлэх нь их цаг шаардсан жич асуудал. Харин энэ удаа, шинэ Монголын түүхэнд тохиолдсон нэг эгзэгтэй сорилтын тухай баримтыг бичиж буй сэдэвтэйгээ холбогдуулан товч дурсах болно.

Дэлхийн түүхэнд нүүдэлчин ард түмний оюун билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээсэн монгол мэргэд хаад жанжид, алдар суутан цөөнгүй билээ. Тэдний нэг нь XVII зууны сүүлийн хагас, XVIII зууны эхэн үеийг дамнан амьдарсан Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. Г.Занабазар хутагт нь их богд эзэн Чингис хааны алтан ургийн шууд удам Батмөнх даян хааны VII үе түшээт хан Гомбодоржийнд 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн есдүгээр сарын 25-нд тэр үеийн Түшээт ханы нутаг Есөнзүйл(Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум) гэдэг газар мэндэлжээ.

Түшээт ханы хүү Г.Занабазарыг 1640 онд таван настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулан анхдугаар Богд, Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ. Г.Занабазар хутагт бага наснаасаа бурхан шашны сургааль номлол, зан үйл, дэг ёсонд суралцаж улмаар 1649 Онд Цастын орон Түвдэд очиж Банчин богдод бараалхан шавь орж, шашны их бага таван ухааныг гүнзгийрүүлэн судалж, сав шим ертөнцийн эш онолд боловсрон буцаж иржээ. Залуу хутагт эх нутагтаа ирээд номын хүрээ хийд урлаачийн газар, шашны сургуулийг олноор байгуулж, шашин соёлыг дэлгэрүүлж, олны сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлэн, аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх замаар үндэсний эв эеийг бэхлэн, эртний хүчирхэг улс гэрээ сэргээн мандуулахын эрмэлзсэн гэдэг.

Өндөр гэгээн Г.Занабазар нь Монголын шарын шашны тэргүүн төдийгүй уран барималч, зураач, хэл шинжлэлтэн зэрэг олон талын авьяастай, шашин, төр, урлагийн том зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч хүн байсан нь түүхэн баримт сурвалж болон бүтээл туурвилаас нь тод харагддаг. Өөр өөр цаг үед монгол, төвд хэлээр бичигдсэн Өндөр гэгээн Г.Занабазарын намтрын 15 эх бичмэл байх бөгөөд тэдгээрийн анхдагч бөгөөд хамгийн ул үндэс, эш тулгууртай нь их Богдтой нэгэн цаг үед амьдарч асан, түүний гарын шавь нарын нэг, их эрдэмтэн, халхын Зая бандида Лувсанпэрэнлэйн төвд хэлээр туурвисан “Жавзундамба Лувсандамбийбалсанбогийн ердийн товч намтар” хэмээх зохиол гэж судлаачид үздэг. Тэр бүтээлд дурдсанаар Г.Занабазар нь “Эд болон амгалан жаргалангийн амтанд үл шунан, өөрөө бусдыг энэрэн нигүүлсэж, гэмт явдлыг төрөлхөөс боомтлон, уур хилэнг тэвчсэн хийгээд нөхөрлөвөөс амгалантай, ядуу буурайчуулд өглөгийн гарыг сунгасан, ном эрдмийг сурах нь аяндаа бүтэх мэт агаад, эхээс төрсөн нялхас хөхөө аяндаа олж амлах шиг заахын хэрэггүй түүнчлэн суралцсан болой” гэсэн байна.

Энэ их хүн Монгол оронд буддын шашныг дэлгэрүүлэхийн төлөө нэгэн насны амьдралаа зориулсан хэдий ч, хэтийдсэн мухар сүсэг бишрэлийг үл таашаадаг байжээ. “Алив нэгэн зүхэлт шахалтгүйгээр өөрөө бишрэн дагаваас үйлийн цагаан буян тэр буй. Шавь олон та нар минь хураавч магадтайяа барагдах эд өлгийн зүйлээ өглөгөөр хомсдуулах нь зохист сайн үйл бишээ. Сахилтан олон та минь, асрал энэрлээр бусдын өргөсөн зүйлийг бусдад өгч тэтгэвэл буяны мөр зохих буй” хэмээн зарлигдаж байжээ. Түүний намтар зохиолд, “Нүүр царай, бие тэгш, тэнэгэр, хэн боловч харсан нэгэн, энэ хүн эгэл бишээ гэж танин мэдэхүйц, үг зарлиг дэлдэх нь тод
сонсголонтой агаад огтын сүсэггүй хүн ч гэнэтэд сүсэг бишрэл эрхгүй төрөөд сэтгэл эөөлөрч одно” хэмээн дурдсан байна.

Өндөр гэгээн Г.Занабазар нь буддын гүн ухаан, Монгол, Төвдийн яруу найраг, хэл шинжлэл, урлахуйн ухааны хэд хэдэн төрлөөр мэргэжсэний дотор дүрслэх урлаг уран барималд түүний билэг авьяас илүү хурц тод илэрч байв. Түүний өөрийн гараар туурвин бүтээсэн язгуурын таван бурхан, “Цагаан дара эх”, “Ногоон дара эх”, “Бодь суварга” зэрэг хүрлээр цутгаж, алтаар шарсан баримал, мөн өөрийн болон эх Ханджамцын хөрөг зураг зэрэг хосгүй үнэт бүтээл нь хадгалагдан ирсэн бөгөөд өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон бусад зарим музейд дэлгэн үзүүлж, дотоод гадаадын үзэгчдийн нүдийг баясган, сэтгэлийг сэргээн байна. Дээрх бүтээлүүдээс “Цагаан дара эх” болон бусад бурхны баримал хөргийн талаар онцгойлон өгүүлвээс зохилтой.

Г.Занабазар гэгээн, тухайн цаг үедээ урлахуйн өндөр түвшинд хүрээд байсан буддын бурхан шүтээн бүтээх дэг сургуулийг хэд хэдэн чиглэлээр шинэ түвшинд гарган төгөлдөржүүлсэн гэж судлаачид үздэг. Зохиомж дүрслэлийн тухайд Энэтхэг, Балба, Төвдийн бурхан дүрслэлийн тогтсон хатуу дэгийг ягштал барьсан, хүмүүн бусын ихэмсэг хөндий төрхтэй дүрслэлээс татгалзаж, энэрэнгүй энгүүн, бодит амьдлаг шинж байдлыг шингээсэн монголжуу зөөлөн дүр байдлыг цогцлоон бий болгож үүгээрээ Г.Занабазар гэгээнтэн Азийн Микеланжело гэж судлаачдын дунд алдаршин дэлхийн урлагийн түүхнээ үнэлэгджээ. Урлахуйн технологи талаас авч үзвэл, Цагаан дара эх, Ногоон дара эх болон бусад хөрөг баримлыг цул хүрлээр ямар ч залгаасгүй хөндий цутгаж, алтаар шармалдан өнгөлж, титэм, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч болон суурийн иж бүрэн чимэглэлийг хөөмөл, цоолбор, сийлбэрийн аргаар чимэглэн гоёж, ялангуяа нимгэн торгомсог хувцас, нөмрөг сэлт, түүний материаллаг бодит байдлыг хоорондоо үл давтагдах өөр өөр арга хийц үлэмж нарийн хэмжээ хэмнэлтэйгээр тодруулан бүтээсэн байна. ХVIII зууны үед зохиосон Энэтхэгийн нэгэн сударт “Монголын их хувилгаан Г.Занабазарын бүтээсэн Дара эхийн мэлмий нь тэгш дэлгэр талибуун бөгөөд угалзтай шулуун хамрыг тод сайхан гаргасан, нүүр дүүрэн мишээл болоод төв ихэмсэглэлийг уруулын дорх ялимгүй инээмсэглэлд нь уусган шингээж, үе гишүүн бүхнийг нь (гар, хөл, бие) дэлгэрэн боловсорч буй найлзуур модон мэт орь залуугийн шинж төгс бүрдсэнээр бүтээжээ” хэмээн үнэлсэн байна.

Улс орноо соёлжуулан гэгээрүүлэхэд шашны энэрэн нигүүлсэхүйн нөлөөг ашиглан үндэснийхээ нэгдмэл байдлыг бэхжүүлэх гэсэн тууштай санаа зоригийг баримталж байжээ. Чухам энэ зорилгоор Соёмбо үсгийг зохиосон түүхтэй. Соёмбо нь өнөөг хүртэл монгол үндэстэн мандан бадарч, өнө үүрд оршихын гүн утгыг шүтэлцүүлэн шингээсэн монгол төр, улсын билэгдэл болж байна.

Нэгэн үе, Г.Занабазар хутагтыг Манжид дагаар орж, Монголын тусгаар тогтнолыг бусниулсан гэж буруутган зүхдэг байсан бол өнөөдөр дотоод гадаадын эрдэмтэн судлаачид энэ хүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг өөр өнцгөөс харж дүгнэдэг болж байна.

АНУ-ын Индианагийн их сургуулийн профессор, нэрт монголч эрдэмтэн Христофер Этвүүд “Ер нь Монголын түүх бичлэгт Аригбөх, Галдан хоёрын зөв, Г.Занабазар Хубилай хоёрын буруу гэсэн дүгнэлт түгээмэл болсон байна. Миний хувьд Ариг бөх, Хубилаин тухай энэ удаад ярихгүй. Галдан болон Г.Занабазарын тухайд би Занабазарын талыг баримтална. Миний бодлоор Занабазар Манжийг түшсэн нь Монголд ашиг, халамжтай болсон, хэрэв тэгсэнгүй бол Зүүн гарын улс шиг Манжид хядуулах, Казак шиг Оросын эзэмшилд орох магадлалтай байж. Хэрэв Оросын харьяанд орсон бол, 1911 онд тусгаар тогтнолоо олох боломж олдохгүй байсан байх. Ер нь яагаад ч юм Халх монголчууд түүхийн нугачаан дунд олон явдлыг тухайн цагт нь зөв хийгээд байсан санагддаг. 1915 оны гурван улсын гэрээгээр баталгаажсан Хятадын автономийг албан ёсоор цуцлаагүй байсан бол яах вэ. Сүүлд тусгаар тогтнолоо зарлахад бэрхшээл учрах байсан төдийгүй 1991 оны ардчилсанхувьсгал амжилтанд хүрэх нөхцөл бүрдэхгүй байсан ч байж мэдэх. Тухайн цагтаа буруутгагдаж байсан ч өмнөх түүхэн дэх буулт ухралтууд нь эцэстээ Монголын бие даасан байдлыг хадгалан хамгаалсан үйл явц байсан гэж хэлж болно” гэсэн эрэгцүүлж үзүүштэй санаа дэвшүүлжээ.

Өнөөдөр Г.Занабазарын амьдрал, үйл ажиллагааг XVII зууны сүүлийн хагасын Монгол орны гадаад дотоод орчин нөхцөл, цэрэг, эдийн засгийн чадавх зэрэг олон хүчин зүйлтэй холбон үзэж, эерэг бодит байдлаар хандах болжээ. Тэр үед монгол нутгийн умард этгээдээс Оросын түрэлт улам бүр идэвхжин, Байгаль нуур орчмын газар нутгууд руу байнга уулгалан довтолж, дорно этгээдэд Манж нар ид хүчээ авч, “шороон түмэн” хятадыг өвдөг дороо сөгдүүлсэндээ эрэмшин, далангаа сэтэлсэн их үерийн ус шиг түрхэрч байсан цаг. Монголын умард хязгаарыг “залгихаар” цэрэглэн дайрсан Оросын түрэмгийлэгчдийг зогсоохоор Түшээт хан, Цэцэн хан хоёр хүч хавсран цэрэг хөдөлгөж, “Сэлэнгийн шивээ” гэдэг Оросын бэхлэлтийг бүслэн хаасаар буулган авч, тэднийг хөөн гаргах гэж байтал Галдан бошигт Халхад цэрэглэн довтолжээ. Ингэж цөөхөн монголын хөвүүдийн хайран халуун цус унаган газар шороон дээрээ асгарч эхэлснээр Оросын халдан түрэмгийлэгчдийг хиар цохиж явсан Монголын морьт цэрэг замын дундаас эргэж, хойд хязгаараа задгай орхин ирсэн нь давхар давхар түүхэн баримттай хөдөлшгүй зүйл. Энэ цаг үе бол Монголын буурал түүхийн хамгийн эмгэнэлтэй, үндэсний сүйрэлд тулж ирсэн бараан өдрүүд байжээ. Гэтэл бид Зөвлөлт Орос болон Коминтерний тодорхой зорилгоор зохиосон хуурамч түүхэнд итгэн сүүлийн 70 жилд Өндөр гэгээн Г.Занабазар, түүний ах Түшээт хан Чахундорж нар урвагч, Галдан бошигт эх оронч байсан мэтээр, харьцангуй ойрхны гэж хэлж болох судалгааны баримт, эш нотолгоо арвинтай бодит түүхийг гуйвуулж, хэдэн үеийг төөрөлдүүлж ирсэн нь үнэхээр гутармаар.

Чухам үнэндээ бол Цагаадайн улсын буурийг сахиж асан баруун түмнийг, нэгдсэн төрөөс эрх авсан хунтайж захирч ирсэн уламжлалыг Галдан анхлан эвдэж, уг нутгийнхаа зүүн хэсгийг таслан авч тусгаар улс болохоор цус асгаруулсан тэмцэл эхлүүлсэн. Хаант улс болохоор оролдсон тэр 79 жил дайн, самуун, эрх мэдэл булаалдсан хуйвалдаан дунд өнгөрч, энэ хугацаанд яс, цусан төрлийн гурван хаан, хоёр жононгоо өөрсдийн гараар хөнөөчихсөн гунигт түүх бий. Орос, Манж-Хятадын аюул тал талаас нүүрэлчихээд байсан тэр хүнд цагт Галдан элэг нэгт ах дүүстэйгээ хүч хавсран өвөг Монголын гал голомтыг хамгаалах учиртай байсан атал, монголчууд руугаа цэрэглэн халдаж, хүүхэд эмэгтэйчүүдийгч ялгалгүй яргалан хядаж, орон сүм, хот балгадыг галдан сүйтгэсэн их самууныг эхлүүлсэн нь үнэнхүү эмгэнэлтэй… Тэгээд Манжийн хаанд хандан. “Би, халхыг туулай хөөсөн нохой шиг элдээд танай хэрэмд очуулан оруулав. Зонховын шашныг хиртээсэн муу хүн, аливаад сайн үгүй, хоёрын хооронд амьтан Жавзандамбыг даран сөнөөвөл их улсын эзэн таны болон Далай ламын сэтгэл амар болох буй за” гэсэн бичиг хүсэлт бүхий элч илгээж байсан байдаг. Харин Манжийн хаан түүний эл үгэнд үл автан “Бидний угаас хүсэх нь халх, ойрдууд харилцан зохицож эвтэй сайн аж төрөх нь сэтгэлд нийцэх буй. Эдүгээ Түшээт хан ба Жавзундамба хутагтыг барьж өгөх нь нэгэн талд хэлбэрсэн хэрэг бус уу” хэмээн няцаасан байдаг. Манжийн хааныг ятган санаагаа гүйцэлдүүлж чадаагүй Галдан, арга барагдан Төвдийн далай ламд элч зарж, “Манжийг ятгаж өгч, миний хоёр дайсан болох Түшээт хан, Занабазар хутагтыг хэрэмнээс гаргуулаад өгөөч” гэж хүссэн байдаг. Төвдийн Далай ламын шадар дэсрид Санзайжамц гэгч Галданы хүсэлтийг шуурхай ёсчлон гүйцэлдүүлж, “Гагцхүү хүсэх нь Түшээт хан ба Жавзандамба хутагтыг Галданд барьж өгвөөс амьтан олонд тустай. Энэ хоёр хүний амийг би хариуцах буй” гэсэн бичиг илгээжээ. Манжийн хаан өнөөгийн бидний төсөөлдөг шиг тийм ч ойворгон зальхай амьтан байгаагүй бололтой. Тэднийг барьж өшөөтэй хүнд нь өгвөөс би хэн болох билээ. Ерөөс ийм зүйлийг хүсэгч их лам гэж байх уу. Ийм лам яаж хамаг амьтанд тус хаяж чадах. Миний дотор ингэж сэжиглэхийн тул тусгай зарлигийн бичиг бичиж илгээв” хэмээн эрс татгалзсан хариу өгсөн байдаг. Энэ л санааны үүднээс Манжийн хааны санал, зуучлалаар 1686 оны улаан барс жилийн намрын эхэн сард Халх Ойрдын эвлэрлийн чуулганыг Заг Байдрагийн хүрэн бэлчирт хийлгэсэн нь түүхэн бодит үйл явдал. Харин Ойрд болоод Халхын гурван ханы эвлэрэн нэгдэх нь Галданы сэтгэлд нийцээгүйн тул Тэр чуулган дээр “Жавзандамба чи, далай ламын элчтэй зэрэгцэн суух хэн юм. Зүй нь чи тэр их ламд мөргөн ёсолж сөгдөн суух ёстой” гэхчлэн эсэргүүцэн дайрсан бичиг өргөж байжээ.

Харин Өндөр гэгээн, Халх өөлдийн үе дамжсан хонзон хямралыг эцэслүүлэн амирлуулахыг эрэлхийлсээр байсан бөгөөд 1696 онд “Жанлавцогзол” буюу “Цагийн байдалд зохилдуулсан залбирлын дээдийг хайрлагч” хэмээх алдарт сургаалиа айлдаж, баруун зүүн, умарт, өмнөд монгол түмэн бүгдээр амны уншлага болговоос зохилтойсон хэмээн зарлигдсан гэдэг. Тэр бэрх цагт хойноос Орос, өмнөөс Манж-Хятадын их хүч түрж, Төвдүүд шашнаар дамжуулан яс хаяж, элэг угсаа нэгт ойрдууд тэднээс ч илүү аюул учруулан цэрэглэн халдаж, эзэн Чингисийн голомт, Гурван голын сав нутгийг самардан цусан зам татуулж нийт Монголын мөхөл, сүйрлийн үүд нээгдчихээд байлаа. Орос, Манж-Хятад Ойродын аюулаас, их дээдсийн голомт, өлгий Монгол нутгаа хэрхэн хамгаалж үлдэхийг шийдэх хүнд бэрх сорилт Өндөр гэгээн, Түшээт хан хоёрын толгой дээр буусан хэрэг. Тэгээд орших, эс оршихын өмнө тулж ирсэн цөвүүн цагийг гэгээн хүний гэгээн ухаанаар тал талаас нь эрэгцүүлж тунгаасны эцэст, гурван талын аюул төдийгүй Манжийн аюулаас Манжаар нь хамгаалуулан Монголоо авч үлдэх замыг сонгосон гэдэг. Энэ нь төгс зөв зам биш ч тэр цагт түүнээс илүү дээр нь байсангүй. Ахуй заншил, шашин өөр, ядуу агаад догшин түрэмгий, тэгээд ч олон он жил монголчуудын ноёрхолд байсан өширхөл нь арилаагүй Орост итгэх аргагүй гэж Өндөр гэгээн, Түшээт хан тэргүүтэй монгол ноёд үзсэн гэдэг. Ах дүү Ойрдуудтойгоо хүч хавсрах цор ганц боломжийг нь Галдан хаачихсанаас иймд хүрсэн хэрэг.

Өндөр гэгээн тэр үед, одоогийн манай гуйвуулсан түүхэнд бичдэг шиг, урваж давхиж очоод Манжийн эзэмшилд шууд орчихсон ч юм биш ажээ. Олон удаагийн яриа зөвшлийн эцэст 1691 онд Долнуурын хэлэлцээрийг хийж, тус тусдаа хатуу үүрэг харилцан хүлээсэн вассаль буюу түшмэг улс болж өөрийгөө хамгаалуулсан учиртай. Тэр үүргийн дотор, Хятадын тариачид бослого тэмцэл гаргавал Монгол улс морьт цэрэг хөдөлгөн дарж өгнө. Халх монголын нутагт гаднын хүчин халдаал Манж гүрэн цэргийн хүчээр хамгаална. Монгол нутагт хятад хүн байнга оршин суух, газар хагалж тариа тарих, монгол эмэгтэйтэй гэрлэхийг хуулиар хориглоно, хятад хүн монгол нутагт нэвтрэхдээ тодорхой хугацаа заасан зөвшөөрөл авсан байх гэхчилэн харилцан үүрэг хүлээсэн байжээ. Одоогийн хэллэгээр бол хоёр тал тус тусын хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд биелүүлж байсан бололтой. Түүний хүчинд өнөөгийн монгол нутаг харьцангуй бүтэн үлджээ. Гэхдээ бүх зүйл сайн сайхан байсан хэрэг биш л дээ. Харин 1900 оны үеэс Манжийн төрийн хүчин сульдан доройтсон цагт, хятад түшмэлүүдийн явуулга, шаардлагаар “Шинэ засгийн бодлого” гэгчийг хэрэгжүүлснээр манай зарим нутагт хятад иргэд сууршин тариа ногоо тарьж, монгол эхнэр авч эхэлсэн түүхтэй. Монголчуудын хувьд манж гүрэн үгүй болох хүртэл хүлээсэн үүргээ биелүүлсэн гэх бөгөөд 1910 онд Хятадын тариачны бослого дэгдэхэд, морьт цэрэг хөдөлгөх шаардлагатай эсэхийг лавласан бичгийг Манжийн хаанд илгээж байсан гэдэг.
Албан ёсоор баримтжин тэмдэглэгдсэнээр 2220 гаруй жилийн тэртээгээс тоолж буй Монголын төрт улсын түүхийн бичлэг дэх андуу зөрүүтэй ойлголт, санаатай болон санамсаргүйгээр гуйвуулж завхруулсан үнэлгээ дүгнэлтийг засаж залруулах зорилтын дотор Монголын түүхэнд Өндөр гэгээн Г.Занабазарын гүйцэтгэсэн үүрэг, тухайн үеийн Монгол, Манжийн харилцааны талаархи үнэлгээ, дүгнэлтийг шинэ үзэл баримтлалаар тодорхойлох явдал шинэ үеийн түүхчдийн хойшлуулшгүй зорилт бөгөөд манай эрдэмтэн судлаачид ч боломжийн үр дүнтэй ажиллаж байна.

Энэ зун Хархоринд болсон Өндөр гэгээнд Бат-оршил өргөх Даншиг наадмын нээлтэнд УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн. “Өндөр гэгээн Занабазар бол, Монголд шарын шашныг үндэслэн идээшүүлсэн төдийгүй, дорно дахины сонгодог урлагийн гоц гойд авьяас билэгт төлөөлөгч, нэрт соён гэгээрүүлэгч, Монгол төдийгүй Азийн орнуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн улс төрийн зүтгэлтэн байсан юм…” Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын тэргүүний энэ үг нь, Өндөр гэгээн Г.Занабазарыг манай төр өөрөөр үнэлэх болсны баримт, төрт ёсны ой санамж зөв сэргэж буйн нотолгоо болов уу

Монголын умард өмнөд талд хоёр том гүрэн бүрэлдэн тогтсон тэр цагаас эхлэн Монголын хүчирхэг улсыг ямар нэг аргаар сулруулан нэгдмэл байдлыг бусниулахыг цаг үргэлж оролдон “хатуу, зөөлөн” янз бүрийн арга хэрэглэж байсан. Галдан Бошигт бол тэр хоёр улсын аль алины нь арганд унаж, басхүү Төвдийн далд явуулгад автан, Зүүнгарын улсаа үгүй хийж, ах дүү халхуудынхаа хүчийг сульдааж Монголын өстнүүдийг баярлуулсан эмгэнэлт хувь заяатай хүн. Өнөөдөр энэ сэдвээр сэтгэлийн хөөрөл, нутаг нугын үзэлд автан маргалдаад үр дүн гарахгуй нь ойлгомжтой. Харин тавин хэдэн жилийн өмнө нэрт яруу найрагч Р.Чойномын бичсэн найраглалын дөрвөн мөрийг эргэн санахад илүүдэхгүй болов уу.

“Эзнээ олоогүй тэмцлийн баатар

Эрээн хавиргын Галдан бошигт,

Мэргэн хатнаа Туулын шугуйд

Мэсийн дор орхиод зугтаасан…” Энд дайрч давшилсан, хатуу ширүүн үг ер үгүй, тэр цагийн хэрэг явдлыг цөөн оновчтой үгээр дүрсэлчихсан байна. Хоёр хөршийн арганд унасан тухайд Галдан, Оросын ноёдтой сүлбэлдэн цэрэг зэвсгийн тусламж авч, Халхын хязгаар нутгийн эмзэг нимгэн газруудыг оросуудад зааж өгч байсан нь бичиг захидлын хэлбэрээр үлдэж хоцрон түүний явдал мөрийг нь өнөөдөр нотолж байна. Манжтай ч шадарлан сүжирч, халхыг түйвэснээ гайхуулсан зулгуй үгтэй захидлуудыг Энх-амгалан хаанд илгээж, Манжийн хүргэн болж явжээ. Зарим захидлын нь хэсгээс түрүүн бид иш татсан. Манжийн төрийн хуучин бичиг цувралын дотор “эфү (хүргэн) Галдан”-гийн тухай цөөн биш газар тэмдэглэн үлдээсэн байгааг устгах, арилгах, ерөөс үгүйсгэх аргагүй.

Гаднын урхинд унасан Монгол ноёдын түүх ганц Галдангаар дуусаагүй нь харамсалтай. Гэвч тэр тухайн сургамжийг дэлгэрэнгүй өгүүлэх нь судлаачдын ажил болов уу. Харин Ардын хувьсгал ялснаас долоон жилийн дараа болсон нэгэн явдал, Монгол оронд тулгарсан аюулыг амиа золиослон байж хаасан түүх Өндөр гэгээний үйл хэрэгтэй зарим талаар учир холбоотойн тул энд дурсав. 1928 оны тавдугаар сард Коминтерн болон Зөвлөлтийн тусгай албаны оролцоотойгоор Монголын нам төрийн удирдлагад гэнэтийн огцом өөрчлөлт оруулж, З.Шижээ, Ө.Бадрах гэдэг зүүний үзэлтэй хоёр залуу “суга” дэвшин гарч ирж, хэрэг дээрээ нам төрийн удирдагчид болжээ. Шинэ залуус дэвшсэн нь гайхалтай биш. Харин тэдний санаачлан эхлүүлсэн ажил нь хачирхалтай байлаа. Тэд Монголын баруун хязгаарт “Дөрвөдийн БНУлс байгуулах тухай” тогтоолын төсөл боловсруулан МАХН-ын Төв хорооны гишүүдээр хэлэлцүүлсэн байдаг. Туршлагатай хашир удирдагчдын олонхи нь Монгол улсын бүрэн бүтэн байдалд халдаж байна гэж эрс эсэргүүцснээр тэр тогтоол “унажээ”. Гэвч асуудал ингээд дууссангүй. “Ялагдсан” З.Шижээ, Коминтернд хандан захидал бичиж тусламж хүсчээ. Захидал бичихээс ч аргагүй. Даалгавраа хийгээгүй сурагч шалтгаанаа тайлбарлах ёстой. Зөвлөлтийн тусгай албад, Шинжааны цайдмын нуурын монгол гаралтай З.Шижээ, дөрвөд ястан Ө.Бадрах нарыг сонгон дэвшүүлсэн нь санамсаргүй хэрэг биш байж. Зүүн үзэлтэй,улс төрийн төдийгүй амьдралын туршлага багатай, хурц түргэн зантай, уг гарлын хувьд үндэсний цөөнхид хамаарах хоёр залууг сонгосон нь залж, ”тоглоход” амар гэж тооцсон хэрэг бололтой.

Энэ ажиллагааныхаа хүрээнд олон нийтийн сэтгэл зүйг бэлтгэн боловсруулах дэс дараатай, тооцоо судалгаатай суртал нэвтүүлгийг тасралтгүй явуулсан нь манай залуусын хэдэн үеийнхний тархийг “туйлын амжилттай” угаажээ. Юун түрүүнд зүүн баруун Монгол хоорондын өнгөрсөн таагүй дурсамжийг дөвийлгөн хөөрөгдөж угаас эвлэршгүй, мөнхийн дайсан байсан мэт үнэмшил төрүүлэхийг оролдож эхэлжээ. Түүхэн баримтыг гуйвуулан засварлаж тайлбарлах, зарим үйл явдал, тодорхой сэдвийг ор тас нуух зэрэг муу аргандаа Зөвлөлт, Монголын зарим нэртэй эрдэмтэн судлаачийг татан оролцуулж байсан нь тэдний ном бүтээлд энэ ажиллагааны нь баримт болон үлджээ. Бүтээлээс нь манай үе үеийн судлаачдын иш татах дуртай И.М.Майский, В.Я.Владимирцов зэрэг том эрдэмтдийг хүртэл эвдээ татан оролцуулжээ. Жишээ нь, “Зүгээр монголчууд гэж байхгүй. Халхууд, харчингууд, буриадууд, чахрууд гэж бий. Нэгдмэл нийтийн хэл гэж байхгүй, бие биеэсээ ялгардаг бүлэг аялгуунууд л байдаг” гэж 1928 онд В .Я. Владимиргцов тунхаглаж байсан нь Коминтерн болон Зөвлөлт Оросын захиалгыг биелүүлсэн хэрэг байж. Тэр мэт захиалгаар, нэгдсэн Монгол гэж одоо байхгүй, монголжуу маягийн олон ястан л байна гэж номлон, 30 гаруй ястан зориудаар тодруулан, газар нутаг захиргааны харьяаллаар бүртгэн албажуулж, иргэний үнэмлэх, албан бичиг баримт дээр нь тэмдэглэдэг журмыг энэ үеэс эхлүүлж өнөөдөр ч мөрдөгдөж байгаа тухай, судлаач доктор Л.Мөнх-эрдэнэ, “Монголын тусгаар тогтнолын ёгт үр дагавар” гэдэг бүтээлдээ тодорхой дурдсан байна. Учир мэдэх боловсролтой монголчууд тэр хагалан бутаргах ажиллагааг чадах чинээгээр эсэргүүцэж байсан бөгөөд улс төр, түүх, соёлын нэрт зүтгэлтнүүд болох А.Амар (халх), Ж.Цэвээн (буриад) нар хилсээр баривчлагдан хороогдох хүртлээ “яс үндэс” гэсэн асуултанд “Монгол” гэж л хариулдаг байжээ. Тагна Тувагийн иргэд бол Монголтой огт хамаагүй түрэг гаралтай харь хүмүүс гэх шинжлэх ухааны нэр барьсан сурталчилгаа чухам энэ үед л эхэлсэн. Үүнд нь итгэчихсэн үе үеийн хүмүүс өнөөдөр ч бидний дунд байгаа.

Чингис хааныг яаж гутаадаг байсныг бид цөм мэднэ. Мандухай цэцэн хатан гэж ерөөс байгаагүй домгийн хүн гэж номлодог Зөвлөлтийн түүхчид ч байлаа. Энэ нь цаанаа зорилготой. Баруун, зүүн Монголын асуудлаар хүн амын олонх болох халхуудыг “доош хийн” жижигрүүлж “амы нь барихад”, их хатны намтар, улс орноо нэгтгэсэн гавьяат үйлс авцалдаж өгөхгүй байснаас тэр биз ээ. Үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа гэдэг барилга байшин дэлбэлэхээс олон дахин илүү хор хөнөөлтэй, хэдэн үе дамжин хор уршиг тарьсаар байдгийг мартаж болохгүй. Монголчууд олон үеийн турш, өөрсдийгөө, “Язгуурын нэг өвөг омгийн хойчис бид жаргав ч, зовов ч, төрөв ч, үхэв ч хамт болбоос зохино” гэсэн тангарагийн үзэлтэй байсныг нь харийн бодлогоор ийнхүү бусниулсан юм. Өнөөдөр Г.Занабазар богдын тухай дурсах төдийд уурсан цахим сүлжээгээр агсарч түүнийг хараагаад байгаа хүн, олон жил үргэлжилсэн, зорилготой хуурамч сурталчилгаанд гүнзгий автсанаас ийм болсныг ойлгож болох юм. Дэлхийн аль ч орны хүнийг, үндэсний эмзэг асуудлыг нь сэдрээх замаар оюун санааны тогтворыг алдагдуулаад буруу зүгт хөтлөхөд амархан гэдэг. Монгол оронд 1921 оны ардын хувьсгалаас өмнө гэрэл гэгээтэй юм бараг байгаагүй, ЗХУ-ын ачаар сайн сайхан бүхэн дэлгэрсэн гэдэг ухуулгыг ахмад үеийнхэн маань чихээ дөжиртөл сонссон доо. Харийн хүний тодорхой зорилготойгоор зохиож өгсөн засвартай түүхээр тархиа угаалгачихаад, тэнд бичсэн “нөхөөс, цоорхойтой” баримтанд итгэн зүүн баруун, ар өвөр гэхчилэн ахан дүүсээ өөчилж гоочилж суудаг цаг дуусах болсон баймаар санагдана.

Түрүүн өгүүлсэн З.Шижээгийн “гомдлын мөрөөр” шуурхай арга хэмжээ авч, тухайн цагтаа бол эрэлхэг хувьсгалч, одоогийн судлаачдын үнэлгээгээр бол олон улсад зартай алуурчин Яков Блюмкинээр удирдуулсан Зөвлөлтийн чекистүүдийн баг Улаанбаатарт буух нь тэр. Тэд, Монголын нам, төрийн удирдагчдаар ёстой л шатрын хүү шиг тоглож тэднийг айлган сүрдүүлж, хооронд нь яс хаян хагаралдуулж, заримд нь албан тушаал амлан горьдоосон “хар өдрүүдийг” эхлүүлж, тэр нь олон сар жилээр үргэлжилжээ. П.Гэндэн сайдын машиныг жолоочтой нь цуг дэлбэлсний дараа Я.Блюмкин өөрөө утасдан “За юу бодогдож байна” гэж тавласан гэдэг. Энэ тухай Оросын түүхч В.Нефедов 2013 оны нэгдүгээр сард хэвлүүлсэн “Монголын удирдагч З.Шижээ улсаасаа урвасан нь” гэдэг нэртэй номондоо өгүүлжээ. “Коминтерн З.Шижээгийн нэр хүндийг өргөхийн тулд 16 ширхэг Форд-М машин бэлэглэж, З.Шижээ түүнийг нь өөрийн өмч мэт тараасан бөгөөд хоёр нууц амрагтаа хүртэл нэг нэгийг бэлэглэжээ” гэж энд бас бичжээ. Коминтерн болон Зөвлөлт оросын чекистүүд ийнхүү тал талын бэлтгэлээ “бүрэн хангаж”, Монголын удирдагчдыг “боловсруулсны” дараа, 1930 оны нэгдүгээр сард “Дөрвөдийн БНУ-ын асуудлыг” МАХН-ын Төв хороогоор дахин хэлэлцүүлэн “шивдүүлэхээр” төлөвлөжээ. Зөвлөлтийн чекистүүд, асуудал “төлөвлөснөөр” эцэслэгдэн шийдвэрлэгдэх 100 хувийн магадлалтай гэж дээд удирдлагадаа илтгээд байсан гэдэг. Гэтэл хурлын урд өдөр, Коминтерны төлөөлөгч В.Черномордюк болон чекистүүдийн ахлагчийн сууж явсан машиныг үл мэдэгдэх хүмүүс буудаж тэднийг шархдуулснаас асуудал нэг жилээр хойшлогдож, энэ мэдээ И.В.Сталины сонорт хүрснээр тэр ажиллагааг зогсоосон гэдэг. Монгол оронд аюул тулгарах үе бүхэнд түүнийг зогсоох эр зоригтон заавал гарч ирдэг түүх энд дахин давтагджээ. З.Шижээ дараа нь “Дөрвөдийн БНУ байгуулахаар хэрхэн ажилласан тухай”-гаа 317 хуудас тайлан бичсэнийг И.В.Сталин зориуд орчуулуулж танилцаад “Онц нууц! 80 жил үл задлах архивт” гэж цохсоноор, ийм тайлан хаана ч байхгүй, ийм явдал ерөөс огт болоогүй мэт 80 жил улирсан бөгөөд одоо ОХУ-д тодорхой хүрээнд ил болжээ. Сүүлд З.Шижээ Зөвлөлтийн чекистүүдэд байцаалт өгөхдөө: “Тэр машинд халдах ажиллагааг маршал Г.Дэмид, Ц.Содномдаржаа нар зохион байгуулсан”гэж мэдүүлжээ. Түүний үг үнэн байж ч болох. Эрүү шүүлтэнд тарчлахдаа арга буюу худал мэдүүлсэн байж ч мэдэх. Эсвэл гардан “хөөцөлдсөн” ажлыг нь нураасан Г.Дэмид нарын удирдагчид өширхсөндөө зориуд гүтгэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Үүнийг тогтоох нь шинэ үеийн түүхчид судлаачдын ажил. Ямартай ч Монгол орон үндсэндээ Коминтерн болон Зөвлөлт оросын чекистүүдийн атганд орчихоод байсан тэр түгшүүрт цагт, Завхан голоос цааших нутгаа Тагна Туватай хамт алдчихгүйн тулд амь өрсөөн нууц ажиллагаа зохион байгуулах зоригт эх орончид гарч ирсэн л байна. Тэдний нэрийг тодруулж, гавьяаг мөнхлөх нь өнөө үеийн бидний амин журмын үүрэг байх учиртай.

Тэртээ 324 жилийн өмнө Өндөр гэгээн Г.Занабазар, Түшээт хан Г.Чахундорж нар хятадаар хүчээ зузаалсан Манжийн их түрэлтийг холч бодлого арга ухаанаар хааж чадсан төдийгүй, Эзэнт гүрнийхээ өмнөд хилийн зурвасыг их цагаан хэрмийн ёроолоор татна гэсэн Оросын хаадын үе дамжсан түрэмгий далд бодлогыг ч давхар зогсоож чадсан түүхтэй. Тэр цагийн холч ухаант дээдэс маань, дайтаад хүчрэхгүй их хүчийг, даган шадарласнаар тэсэж гарах зам сонгосноор, Манж гүрэн түүхийн нугачаанд сэгсрэгдэн үгүй болчихоод байхад, Монголын хойчис бид туурга тусгаар үлдээд дэлхийд данстай хэвээр байгаа нь их хувь заяа биш гэж үү. 1930 оны нэгдүгээр сард орос чекистүүдийн машиныг буудсан тэр “үл мэдэгдэх” гэгдсэн хүмүүс ч бас өндөр дээд өвгөд, их эздийн сүлд сахиус, гэрээс захиасын амин холбоо тасарчихаагүй байгааг баталсан хэрэг байж. Эзэн богд Чингис хаан, Мандухай цэцэн хатан, Батмөнх даян хаан, Өндөр гэгээн Г.Занабазар, Манлай баатар Ж.Дамдансүрэн, Хатанбаатар Магсаржав, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Түшээ гүн Г.Чагдаржав, Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Маршал Г.Дэмид, Х.Чойбалсан нарын нэрийн араас чухам хэн хэн бичигдэхийг цаг хугацааны эрхшээл мэдэх биз ээ.

Тэр нэгэн цагт их аюулын үүдийг хааж, өнөөгийн Монголын газар нутгийг бидэнд үлдээсэн төдийгүй, дэлхийн олон монголчуудын зүрхний гүн дэх итгэлийн зул, омогшлын галыг бөхөөчихөлгүй хадгалан өнөөг хүргэсэн Өндөр богд маань, бараг ер хүрч насласан ч цагийн эрх, хувь заяаны тохиолоор амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүний нутагт өнгөрөөн 1723 онд Бээжингийн Шар сүмд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Өндөр богдын шарилыг эх нутагт нь хүндэтгэлтэйгээр залж авчран түүний өөрийн орон Их хүрээнд гол шүтээн болгон залж байгаад 1778 оны шороон нохой жил Амарбаясгалант хийдэд мөнгөн сувраганд шүншиглэн оршоосон гэдэг.

Ахмад сэтгүүлч, хууль зүйн албаны тэргүүний ажилтан Ө.Мөнх

Таг
error: Content is protected !!