LOADING

Type to search

Ухаарахуй

Ойрын хорин нисваанисыг санахуй

Share

“Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг.

Муу сэтгэлийн үндэс ёзоор нь хүсэл тачаал, уур хилэн, мунхаг гурав юм. Аливаа зүйлийг хүсэж шунах, мөн хэн нэгэнд уурлан хорсох, ямар нэгэн зүйлийн мөн чанарыг ухаарч чадахгүй мунхарсан амьтан бүхний сэтгэл тавгүйтэж зовдог.

Тиймээс нисваанис нь зовлонгийн эх үндэс болно. Сэтгэлийн гол гэм буюу зургаан нисваанисыг бага дээр нь эс дарваас даруй 20 болж арвижна.

Үүнд:

1. Хилэгнэх: хилэгнэх хэмээх нь уур ихээр арвижсанаас зодож заначих, харааж зүхэх тэргүүтэн хатуу догшин үйлдлийг үйлдэхэд хүргэх сэтгэлийн төрх юм. Хилэнгээ эс дарваас уурласан хүндээ төдийгүй бусдад хор учруулах болно.

2. Өс санах: уур хилэнгээ дарж чадахгүй ихээр хурааж өөрт тохиолдсон саар зүйлийг заавал муу үйлээр буюу хорлолыг хорлолоор хариулахыг хүсэх муу сэтгэл юм. Номхтгон дарж эс чадваас муу үйлийг үйлдэж, түүний хариуд бүр муу үр дагавар төрнө.

“Өс санах”-ыг төвд хэлээр “ хонзон гэнэ. Үгчлэн орчуулбал “өс барих” гэсэн утгатай. Монгол хэлэнд “хонзон” хэмээх төвд үг орсноор эдүгээ харь хэлний үг гэдэг нь ч мэдэгдэхгүй болжээ. Өөр бусад хэлнээс орсон аливаа үг тухайн хэлний утга ойролцоо үгтэй хоршин хэрэглэгдэх үзэгдэл түгээмэл тохиолддог. Хэлний ийм зүй тогтлоор, монгол хэлнээ “ өс хонзон” хэмээн хоршин хэрэглэгдэж, бичигддэг билээ.

3. Нуух: Өөрийн зохисгүй үйлдлийг бусдад мэдэгдэлгүй далдлан дарахыг хэлнэ. Хийсэн муу үйл нь илрэх цагт үгүйсгэн мэлзэж, улмаар хэрүүл шуугиан үүсгэнэ. Сэтгэлийн ийм хирт хүнийг “ зальхай, өнгөц, хуурмаг дүртэй” хэмээж, түүний нэр хүнд хөсөр унадаг.

4. Унтууцал: уур хилэнгээр өдөөгдөж, бусдыг ширүүн үгээр дайран доромжилж, гэмгүй хүнийг хэрүүл хараалын нүгэлт үйлд татан оруулах сэтгэлийн төрх юм. Ийн үйлдсэнээр бусдыг гомдоож, зүгээр байсан хүнээр нүгэл хийлгэж, бас найз нөхдөө түлхэж холдуулна.

5. Атаа (найдангуй): Олз омог, нэр хүндэд ихэд шүтэн дурлаж, бусдын хотол чуулган буюу эд хөрөнгө, эрдэм ном, албан тушаалд жөтөөрхөж, үл тэсвэрлэн дотроосоо хямрахыг хэлнэ.

6. Харам: Эд хөрөнгө, олз омог, нэр төрд хэтэрхий шунаж, түүнийгээ улам их болгохыг хүсэж, эд хөрөнгөө бусадтай үл хуваалцан, өөрөө ч эдэлж чадахгүй байх сэтгэлээс үүдэх төрх юм. Үүний сацуу өөрийнх нь юмыг хэн нэгэн авчих гээд байх шиг санагдаж ихэд хямарна.

7. Заль: Олз ашиг, нэр төрийг үлэмж ихээр хүсэмжилж, түүнийхээ төлөө байхгүйг байгаа болгож харагдуулах, мэдэхгүйг мэддэг болгож үзүүлэх сэтгэлээс болсны төрх юм. Дотор нь таван зүйлээр ялгах бөгөөд тоочин өгүүлбэл ёс засвартай буюу хиймэл дүртэй, бялдууч, далимдуулдаг, хуурч мэхлэх, олз ашиг харж хүнтэй харьцдаг, олз ашиг олсон ч ханалгүй улам ихийг хомхойрон хүсэх тэргүүтэн олон буй.

8. Бач хуурмаг: Ашиг хонжоо, нэр хүндэд дурлаад, өөрийн гэмийг бусдад мэдүүлэлгүй, хуурмагаар аргалахыг хэлнэ.

9. Омгорхог: Өөрийн эд хөрөнгө , идэр залуу нас, хүч чадал тэргүүтэнд ихэд баясан бардамнаж, сэтгэлийн хөөрлөөр хоосон баясаж, ихэмсэг зан гаргахыг хэлнэ. Энэ мэтээс шалтгаалан өөрийн эрдэм тэргүүтэн үнэт зүйл үнэгүй, хүндтэй зүйл хүндгүй болох аюултай. Омгорхог нь омог дээрэнгүйгээс ялгаатайг харьцуулж уншаарай.

10. Хөнөөхүй: Амьтан, хүнийг нигүүлсэж энэрэхийн оронд харин ч тэдэнд унтууцан хорлолыг үүсгэх сэтгэл юм.

11. Ичгүүргүй: Гэм буруутай үйлдэлдээ гэмшин харуусах сэтгэл төрөхгүй, өөрийн ичгүүргүй байдлыг үл хэрэгсэж, гэмт үйлийг цээрлэхгүй байхыг хэлнэ.

12. Сонжуургүй: Хийсэн гэмт үйлээ ухаарах, гэмших сэтгэл төрөхгүй, бусдын ичгүүргүй байдалтай адилтгаж, буруу үйлээ үл цээрлэх хэрэггүйг хэлнэ.

13. Будангуйрах, живэх: Бие хийгээд сэтгэл нь мунхаг доройд автаж, аливаа ажил үйлийг бүтээж чадахгүй болохыг өгүүлнэ.

14. Догшрохуй: Өчүүхэн биеийн сайн сайханд баясаж, өөрийгөө ихэд өндөрт гарган дээр сэтгэж, тийн ташааран бодох, өгүүлэх, үйлдэхийг хэлдэг. Өөрөөс нь сайн сайхан хүн байхгүй мэт сэтгэнэ, ярина, бардамнаж бусдыг доор үзнэ. Живэх хийгээд догшрох хоёрын хорих арга нь хянамж, мэдэмсэр юм.

15. Үл сүсэглэгч: Ёс заншил, шашин соёлоо эс хүндэлдэг, муу үйлийн үр муу дагавартайг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, амар амгалан хийгээд танин мэдэхүйд тэмүүлэх нь сайн сайхны үндэс суурь гэдгийг ухаарахгүй байхыгхэлнэ. Үүнийг монголчууд “чухаг гурав”-т сүсэггүй, үйлийн үрийн сургаалыг ойлгоогүй, итгээгүй, нирвааны мөрийн үрийг чухалчлаагүй хэмээдэг.

16. Залхуу (зальхай): Унтах, хэвтэх тэргүүтэн амар хялбарт илт шунаад, муу үйлийн үрийг арвижуулж, сайн үйл хийхийг хүсэхгүй байхыг хэлнэ. Ерөөсөө аливаа үйлийг хийж гүйцэтгэхээс цааргалан хойш тавих нь өдөр тутмын амьдрал, буяны сайн үйлд саад тотгор болдгийг сэтгэлдээ бат хадгалж, гэм үүнээс гэтлэхийг алхам бүрт хичээнгүйлвэл зохилтой.

17. Сэрэмжгүй: Сэтгэлийн гэм алдваас үл болгоомжлон сэрэмжгүй, санаатай бус хэдий ч улам арвижуулахыг хэлнэ.

18. Мартахуй: Хирт сэтгэлийн буюу нисваанист бодлын эрхэнд автаж, сайн үйлд шамдахыг умартах.

19. Мэдэмсэргүй /хянамжгүй/: Нисваанисын гэм хорд автаж, бие, хэл, сэтгэл буюу гурван үүдний үйлийг өөрийн хяналтгүйгээр үйлдэхийг хэлнэ.

20. Алгасангуй: Нисваанисын эрхээр сэтгэл үл тогтохыг хэлдэг. Сурагч, хэдий бие нь хичээл дээрээ байвч урд өдөр үзсэн кино шийг бодож, анхаарал сарин, сэтгэл нь биеэс тасран бусад газраар тэнэж, эрдэм ном сурах алтан цагийг дэмий өнгөрүүлэхийг нэгэн жишээнд авч болно.

Д.Номундалай

error: Content is protected !!