LOADING

Type to search

Зөвлөгөө

Жирэмсэн үеийн арьсны язралтаас хэрхэн сэргийлэх вэ?

Share

Жирэмсэн эмэгтэйгээс өөр хэн ч түүнийг өөр шиг нь мэдэрч чадахгүй гэдэгт бид итгэдэг. Таны дотор шинэ амьдрал үүсч хөгжиж байгаа. Үүнд зохицон таны бие өөрчлөгдөж байгаа. Та хэвлийдээ байгаа эрүүл, аз жаргалтай бяцхан үрээ тэжээж өсгөх гайхамшигтай үйлд өөрийнхөө оюун ухаан, бие махбодио бүрэн зориулж байгаа.

Гэвч жирэмсэн үеийн зарим өөрчлөлт нь эрүүл мэнд, гоо сайханд сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээрийн нэг нь арьсын язралт юм.

Арьсны язралт гэдэг нь арьсны дунд давхрага буюу дермист үүссэн гэмтэл бөгөөд дээд давхрага болох эпидермист харагддаг. Таны арьс сунах гайхамшигтай чадвартай бөгөөд энэ нь коллаген болон эластин ширхгүүдтэй нягт холбоотой. Гэвч арьс богино хугацаанд хэт сунах нь язрах шалтгаан болдог. Арьсны язрал нь эхэн үедээ улаан хүрэн өнгөтэй судал хэлбэртэй үүсдэг бөгөөд удахын хирээр цусны судаснууд эдгэж цайвар сорви болж үлддэг боловч бүрэн арилдаггүй.

Жирэмсэн үед кортизол болон эстроген дааврууд нь арьсны фибробластын идэвхи, үр нөлөөг бууруулдаг. Энэ нь арьсны коллаген, эластиныг багасгаж уян хатан байдлыг алдагдуулдаг. Үүний зэрэгцээ хэвлий, ташаа, хөхны хэсгээр арьсны сунал илүүтэй илрэх нь арьс язрах үндсэн шалтгаан болдог. Эмэгтэй хүн бүрд жирэмслэлт болгон өөр явагддаг боловч жирэмсний хоёр дах гурван сарын сүүл болон гурав дах гурван сарын хугацаанд арьсны язралт эхлэх магадлал өндөр байдаг.

Арьсны язралтаас хэрхэн сэргийлэх вэ?

Арьсны язралтаас сэргийлэх арга хэмжээг хэдий чинээ эртнээс авна төдий чинээ үр дүн өндөр байхыг анхаараарай. Үүнд:

1. Жирэмсний хугацаанд биеийн жин хэвийн нэмэх

Биеийн жингийн индекс хэвийн байсан эмэгтэй жирэмсний хугацаанд 10-12 кг орчим нэмэхийг хэвийн жин нэмэлт гэж үздэг. Биеийн жин илүүдлээр нэмэх нь арьсны суналтыг хэт ихэсгэж язралт үүсэх гол шалтгаануудын нэг болдог.

2. Ус хангалттай хэмжээгээр хэрэглэх

Жирэмсний хугацаанд таны биеийн усны хэрэгцээ нэмэгдэнэ. Жирэмсний хугацаанд 8 аяга ус уухыг зөвлөдөг бөгөөд хэрэв жирэмсний эрт үеийн хордлого,бөөлжилт илэрч байгаа болон хөлсөөр шингэн алдаж байгаа тохиолдолд үүнээс илүү хэмжээтэй хэрэглэх нь зүйтэй. Уруул омголтох, хоолой хатах, ам цангах зэрэг нь ус дутагдаж байгаагийн шинж юм. Хангалттай хэмжээний ус хэрэглэх нь арьсны уян хатан чанарын хэвийн байдлыг хангахад туслаж арьсны язралт үүсэхээс сэргийлэх болно.

3. Эрүүл хоолны дэглэм барих

Арьсны эрүүл байдлыг дэмжих эрүүл хоолны дэглэм нь барих нь арьсны язралтаас сэргийлэх болно. Үүнд:

А аминдэм (лууван, чихэрлэг төмс, чангаанз, бууцай) А аминдэм нь арьны шинэ эс үүсэх явцыг дэмжсэнээр эрүүл байдлыг хангаж өгдөг. Жирэмсний хугацаанд А аминдэм агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөггүй тул хүнснээс авах хэрэгтэй.

С аминдэм (жүрж, киви, улаан лооль, нимбэг, цэцэгт байцаа, гүзээлзгэнэ, буржгар байцаа, бууцай) С аминдэм нь арьсны коллагены үүсэлтэнд зайлгүй хэрэгтэй. Коллаген үрлчээ үүсэхээс сэргийлэх, арьсны уян хатан, бат бөх байдлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэдэг.

Д аминдэм (өндөгний шар, мөөг, туна, салмон загас) Д аминдэм нь арьсны суналтын үед үүсдэг эпидермисын хатингаршилыг зогсооход чухал үүрэг гүйцэтгэснээр арьсны уян хатан байдлыг хангаж өгдөг.

Е аминдэм (наран цэцгийн үр, алмонд самар, үр тариа, авокадо, бразил самар, улаан чинжүү, самарны нухаш) Е аминдэм нь арьсны гэмтлийг эдгээх, арьсны эрүүл байдлыг хадгалахад амин чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цинк (хулууны үр, наранцэцгийн үр, шош, өндөгний шар, мөөг, мах, үр тариа, самар, бүхэл үр тариа) Цинк нь арьсны эрүүл байдлыг хангахын зэрэгцээ үрэвслээс сэргийлэхэд тусласнаар шарх эдгэрэлтийн үйл явцад чухал нөлөө үзүүлдэг.

Эрүүл өөх тос (омега 3, оливийн тос, маалингын үр, чиа үр, салмон загас, май загас, самрын тос) Эрүүл өөх тос, өөхний хүчлүүд нь эрүүл арьсны бүтцэнд амин чухал хэрэгцээтэй. Эдгээр нь арьсны бат бөх, уян хатан, усны зохист байдлыг хангаж өгдөг.

Коллаген нь арьсны чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг юм. Мөн мөгөөрсний бат бөх байдал, цусны судас, холбогч эдийн уян хатан байдлыг хангахад оролцохоос гадна суналтын эсрэг уян хатан байх арьсны гол бүтцийг бүрдүүлж өгдөг. Коллагены гол эх үүсвэр нь амьтны гаралтай холбогч эдүүд болох шөрмөс, бүлх, хуйх, ясны мөлжүүр, шөл зэрэг болдог. Бэлчээрийн малын эдгээр бүтээгдэхүүн нь антибиотик, дааваргүй учир жирэмсний хугацаанд хэрэглэх коллагены хамгийн сайн сонголт болно.

4. Арьс чийгшүүлэгч хэрэглэх

Арьс чийгшүүлэгч крем тогтмол хэрэглэх нь арьсны язралаас сэргийлэхэд тус болно. Арьс чийгшүүлэгч нь арьсны суналтын үед үүсэх загатналтыг бууруулна.

5. Арьс загатналтанд стеройд агуулсан тос хэрэглэхээс зайлхийх

Стеройд агуулсан крем болон кортикостеройд нь кортизон агуулсан байдаг тул арьсы коллагеныг хэврэгшүүлж язралтыг нэмэгдүүлдэг. Загатналтын эсрэг тос хэрэглэх бол түүний найрлагыг шалгаж эмчийн зөвлөгөө аваарай. Зайлшгүй хэрэглэх шаардлагатай үед зөөлөн үйлчилгээтэй тос хэрэглээрэй.

6. Дасгал тогтмол хийх

Дасгал тогтмол хийх нь биеийн жин хэт нэмэгдэхээс сэргийлж арьсны язралтаас сэргийлэх болно. Мөн дасгал хийх нь арьсны цусан хангамжийг нэмэгдүүлж нөхөн төлжих үйл ажиллагааг эрчимжүүлдэг.

7. Нарны шууд тусгалаас зайлхийх

Нарны хэт ягаан туяа нь арьсны коллаген болон эсластинийг гэмтээдэг бөгөөд язралт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд нарны туяанаас хамгаалсан хувцас, нарны хаалт зэргийг хэрэглээрэй.

8. Тамхинаас татгалзах

Тамхи татах нь арьсны цусан хангамжийг бууруулдаг бөгөөд арьсны нөхөн төлжилтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэг. Мөн тамхи нь арьсны коллаген, эсластин ширхэгийг гэмтээх чөлөөт радикал ялгаруулдаг.

Арьсны язралтанд мөн удамшлын хүчин зүйл нөлөөлдөг. Ээж болон төрсөн эгчид нь язралт үүсч байсан бол илүү болгоомжлол анхаарал зайлшгүй шаарлдагатай. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: НӨАГ

error: Content is protected !!