LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

З.Уранжаргал: Миом үргүйдэлд хүргэх эрсдэлтэй

Share

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” булангаараа Анагаах ухааны магистр, “Нью Женелли” эмнэлгийн их эмч З.Уранжаргалтай миом буюу умайн булчингийн хоргүй хавдрын талаар ярилцлаа.

-Умайн хогүй хавдар буюу миом юунаас болж үүсдэг вэ?

-Умайн хоргүй хавдар нь   даавраас хамааралтай ,хоргүй явцтай умайн булчингийн эдээс гаралтай  хавдар юм. Нийт эмэгтэйчүүдийн өвчний 25% эзэлдэг.Хэт авиан шинжилгээнд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 20-30% -д нь миомын жижиг хэмжээтэй зангилаа илэрдэг. 25 аас доош насанд тохиолдол багатай. Харин нөхөн үржихүйн идэвхитэй үе буюу 25-50 насанд тохиолдох магадлал элбэг. Миомын зангилаанууд нь  олон эсвэл нэг нэгээр байрласан янз бүрийн хэмжээтэй байдаг. Энэ өвчний шалтгаан бүрэн тайлагдаагүй.Умайн хоргүй хавдар үүсч хөгжихөд эстроген  дааврын метаболизмын өөрчлөлт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, сарын тэмдэгийн алдагдал, хожуу төрөлт , үр хөндөлт, умайн мэс ажилбарууд, таргалалт, архаг стресс зэрэг нь умайн хоргүй хавдар үүсэхэд нөлөөлөх магадлалтай гэж үздэг.

– Илрэх шинж тэмдэг нь юу байдаг вэ?

– Умайн хоргүй хавдрын хэмжээ , байрлал , олон цөөхнөөсөө хамаараад илрэх шинж тэмдэг нь янз бүр байна. Умайн хоргүй хавдрийн 95% нь нь умайн их биед, 5% нь умайн хүзүүнд байрладаг. Хэмжээ жижиг цөөн зангилаатай бол шинж тэмдэг илрэхгүй хэт авиан шинжилгээгээр оношлогдоно.  Гол илрэх шинж тэмдэг нь сарын тэмдэг их ирэх , мөчлөггүй цус гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх, жирэмслэхгүй  үргүйдэлтэй байх зэрэг болно. Цаашилбал зангилааны хэмжээ хэт томорсон тохиолдолд хажуугийн эрхтэн дарагдаж шээс хаагдах, өтгөн гарахгүй зэрэг шинж тэмдэг илэрдэг.

 -Ямар төрлийн эмчилгээ хийдэг

-Эмчилгээ эмийн болон мэс заслын гэж байна

Шинж тэмдэг илрээгүй зовиургүй бол хэт авиан хяналтанд тодорхой хугацаагаар ажиглана.

Зовиуртай, зангилааны хэмжээ том  биш бол даавар эмчилгээ хийнэ. Үүнд: умайд даавар агуулсан ерөндөг тавих , дааврын бэлдмэл уух зэрэг болно.

Даавар эмчилгээ үр дүнгүй, зангилааны хэмжээ том цус алдалт их бол хавдрыг түүж авах болон умайг бүтнээр нь авах мэс засал хийгддэг. Төрөөгүй үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд умайн хоргүй хавдрыг түүж авах мэс засал хийнэ.

Умайн хоргүй хавдар болон түүний  хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол үзлэгт хамрагдаж хяналтанд байх ёстой. Эмэгтэйчүүд жилдээ нэг удаа эмэгтэйчүүдийн үзлэг шинжилгээнд хамрагдсанаараа өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байх бүрэн боломжтой.

-Танд баярлалаа.

О.Цэцэгсүрэн

error: Content is protected !!