Амжилт дандаа эерэг, өөдрөгийг илэрхийлдэг. Амжилт гэдэг бол сайхан орон байр, аялал жуулчлал, санхүүгийн баталгаа, хүүхдүүдээ хамгийн сайн сайхан зүйлсээр хангах гэх зэрэг хувь хүний амьдралын сайн сайхан юм.
Амжилт бол сайшаал хүртэх, бусдыгаа хошуучлах, ажилдаа, нийгмийн дунд хүндэтгэл хүлээх гэсэн үг байдаг. Амжилт бас эрх чөлөөтэй байдлыг (айдас, эргэлзээ, түгшүүр, гуньхрал, урагшгүй байдлаас гарч эрх чөлөөтэй болох) илэрхийлдэг. Амжилт өөрийгөө хүндлэхийг илэрхийлдэг. Амжилтад хүрнэ гэдэг нь илүү их сэтгэл хангалуун, аз жаргалтай байж, амьдрал нь тантай холбоотой хүмүүсийн төлөө илүү ихийг бүтээнэ гэсэн үг юм.
Амжилт ялалтыг илэрхийлдэг. Амжилтад хүрэх нь амьдралын зорилго байдаг. Хүн бүхэн амжилтыг хүсдэг. Бүгд л амьдралаас олдож болох хамгийн сайн сайхан бүхнийг хүсдэг.
Хэн ч дундаж амьдралтай байж, дорой явахыг хүсдэггүй. Хэн ч хоёр дугаар зэргийнх гэдгээ мэдрэх, ийм маягаар цааш үргэлжлүүлэхийг албадахад дуртай байхгүй.
Уулыг ч байрнаас нь хөдөлгөх чадалтай гэдэгтээ үнэн голоосоо итгэ. Үнэхээр ч та үүнийг хийх чадалтай.
Ихэнх хүмүүс уулыг байрнаас нь хөдөлгөж чадна гэдэгтээ итгэдэггүй. Тийм болохоор ихэнх нь туршиж үздэггүй.
“Зөвхөн ‘Хөөе, уул байрнаасаа хөдөл’ гэж хэлснээр уулыг хөдөлгөнө гэж итгэх нь утгагүй. Энэ бол боломжгүй зүйл” гэж хэлэхийг та сонссон л байх.
Ингэж боддог хүмүүс итгэлийг мөрөөдөлтэй хольж хутгадаг. Тийм ээ, зөвхөн мөрөөдсөнөөр уулыг байрнаас нь хөдөлгөх, эсвэл дээд түвшний удирдагч болох боломжгүй. Зөвхөн мөрөөдсөнөөр таван унтлагын өрөөтэй, гурван угaалгын өрөөтэй тансаг байр, эсвэл их хэмжээний орлоготой болдоггүй.
Итгэлийн хүчээр уулыг байрнаас нь хөдөлгөж та чадна. Амжилтад хүрэх итгэл үнэхээр амжилтад хүргэдэг.
Итгэлийн хүч чадалд илбэ, ид шид байдаггүй.
Итгэх нь дараах байдлаар тусалдаг. Итгэх, “Тэгэлгүй яах вэ, чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж хандах нь үүнийгээ батлахад хэрэгтэй хүч чадал, эв дүй, эрч хүчийг аяндаа бий болгодог. “Би үүнийг чадна” гэж итгэсэн үед бодол санаа “Яаж хийх вэ?” гэдэг асуултад хариулахад бүхэлдээ чиглэдэг.
Өдөр бүр мянга мянган залуучууд шинээр ажилд ордог. Тэд бүгд л нэг өдөр тэднийг оргилд аваачих амжилтад хүрэхийг хүсдэг. Гэвч тэдний ихэнхэд зогсож байгаа шатны нь дээд талын гишгүүрүүдэд тэднийг хүргэх итгэл үнэмшил байдаггүй. Тиймээс ч тэд оргилд хүрч чаддаггүй.
Хүмүүс өндөр рүү авирах боломжгүйд итгэдэг учраас тэднийг оргилд хүргэх алхмуудыг олж хардаггүй. Тэдний энэ хандлага яваандаа өөрсдийг нь үхээнц болгон хувиргадаг. Гэхдээ энэ залуу хүмүүсийн маш цөөн нь амжилтад хүрнэ гэдэгтээ үнэн голоосоо итгэдэг. Тэд өдөр бүхэн би оргил өөд авирч байна гэсэн маягаар ажилдаа ханддаг бөгөөд энэ итгэлийнхээ ачаар тэд оргилд гарцгаадаг. Тэд амжилтад хүрнэ гэдэгтээ итгэж (энэ нь боломжгүй зүйл огт биш) удирдагчдын үйл ажиллагааг, амжилтад хүрсэн хүмүүс бэрхшээлийг хэрхэн хүлээж авч, яаж даван туулж байгааг сонирхон ажигладаг.
“Үүнийг яаж хийх вэ?” гэдэг асуулт голдуу чадна гэдэгтээ итгэдэг хүмүүсийн л хаалгыг тогшдог. Миний танил нэг эмэгтэй хоёр жилийн өмнө нүүдлийн орон байр худалдах ажил эрхлэхээр шийдсэн юм. Олон хүн түүнд “Боль, чи чадахгүй” гэж зөвлөж байсан. Түүний цуглуулсан мөнгө гурван мянган доллар ч хүрэхгүй байсан бөгөөд ийм хөрөнгө оруулалт хийхэд хэд дахин илүү их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэцгээж байлаа. Түүнээс “Харж байна уу, ямар их өрсөлдөөнтэй байна гээч!” гэж анхааруулагсад, “Ажил хийж ч болно л доо, нүүдлийн орон сууц худалдах ямар ч туршлага чамд байхгүй шүү дээ. Чи яаж чадах вэ?” гэж асуугчид ч байлаа. Гэвч тэр эмэгтэйд итгэл, амжилтад хүрэх авьяас байсан. Нэг их удалгүй өөрийнх нь хөрөнгө оруулалт хангалтгүй, өрсөлдөгчид их байгааг хүлээн зөвшөөрсөн ч, “Гэхдээ миний цуглуулсан бүх мэдээлэл нүүдлийн орон сууцны салбар ойрын үед их өргөжнө гэдгийг харуулж байна.
Өрсөлдөгчдөө би судалсан. Борлуулалтыг би энэ хотод байгаа хэнээс ч илүү хийж чадна гэдгээ мэдэж байна. Магадгүй би зарим зүйл дээр алдаж болох ч, их хурдан оргил дахь өөрийнхөө байр суурийг эзэлнэ” гэж байлаа.
Үнэхээр ч энэ нь биелсэн. Эхний үед нэмэлт мөнгө олох нь түүнд бага зэрэг хэцүү байсан, түүний энэ амжилтад хүрэх итгэл нь хоёр ч хөрөнгө оруулагчийг түүнд итгэхэд хүргэсэн. Тэр бүрэн дүүрэн итгэлийнхээ ачаар боломжгүйг болгосон. Нэг үйлдвэрлэгчээс шууд бэлэн мөнгөөр төлөхгүйгээр бага хэмжээний бараа авч эхний жилд сая доллараас багагүй орлого олсон. Тэр дараа жилийн нийт эргэлт нь хоёр сая доллараас буухгүй гэж таамаглаж байна. Итгэл, хүчтэй итгэл нь бодол санааг арга замаа олоход чиглүүлдэг.
Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэх нь хүмүүс танд итгэх гол шалтгаан болдог. Ихэнх хүмүүс итгэлийн хүч чадлыг ойшоодоггүй. Гэвч амжилтын ертөнцөд амьдрагсад үүнд итгэдэг.
Хэдхэн долоо хоногийн өмнө зам тээврийн байгууллагад ажилтай найз маань “уулыг хөдөлгөх” туршлагаа бидэнтэй хуваалцсан юм.
”Өнгөрсөн сард манай хэсэг зарим барилгын компаниудад бичиг явуулж, зам барилгын ажлын хөтөлбөрийн хүрээнд бид найман шинэ гүүр зохион бүтээх байгууллагыг сонгох эрхтэй болсноо мэдэгдсэн юм. Гүүрийг нийт таван сая доллараар барих ёстой байв.
Шалгарсан байгууллага зохион бүтээлтийн хөлсөнд дөрвөн хувь буюу 200 000 доллар олох байсан.”
“Энэ асуудлаар нийт хорин нэгэн барилгын компанитай ярилцлага хийлээ. Хамгийн том дөрөв нь тэр дороо үнийн саналаа өгөхөөр шийдсэн. Бусад 17 нь гурваас долоон инженертэй жижиг компаниуд байсан. Төслийн хэмжээ арван зургаан жижиг компанийг айлгаж орхисон.
Тэд төслийг судалж үзсэний эцэст толгой нь эргэсэн байдлаар “Энэ ажил бидний хувьд хэтэрхий том байна. Бид чадах байсан бол ч өөр л дөө, гэхдээ бидний хувьд туршиж үзэх тухай ч бодохын аргагүй хэтэрхий том юм” гэцгээсэн.
“Гэвч гурван инженертэй нэг жижиг компани төслийг судалж үзээд ‘Бид чадна, үнийн саналаа өгье’ гэсэн бөгөөд эцэст нь тэд ажлыг гүйцэтгэсэн.”
Уулыг хөдөлгөж чадна гэдэгтээ итгэдэг хүмүүс л үүнийг хийдэг. Итгэдэггүй хүмүүс бол чадахгүй. Итгэл бидний хүч чадлыг хөдөлгөөнд оруулдаг
Бидний амьдарч буй одоо үед итгэл уулыг хөдөлгөхөөс ч илүүг хийж байна. Өнөөдөр сансрын эрэл хайгуулын зайлшгүй шаардлагатай нэг элемент нь (цорын ганц шаардлагатай хүчин зүйл нь) сансрыг судалж болно гэсэн итгэл юм. Хүн сансарт нисэж болно гэсэн эргэлзээгүй бат итгэл байгаагүй бол сансар судлаач эрдэмтэд судалгаагаа тийм зоригтой үргэлжлүүлэхгүй л байсан.
Хорт хавдрыг эмчилж болно гэсэн итгэл эцэстээ хорт хавдрыг эмчлэх аргыг бий болгох л болно. Сүүлийн үед Европ тивд Английг холбохын тулд Английн сувгийн доогуур хоолой барих тухай яригдаж байна. Гэхдээ ийм хоолой баригдах эсэх нь үүнийг хийж байгаа хүмүүсийн чадна гэдэгтээ итгэх эсэхээс л шалтгаална.
Бүх ном зохиол, шинжлэх ухааны нээлтүүдийн түлхэх хүч, энерги нь гайхамшигтай үр дүнд хүрнэ гэсэн итгэл юм. Амжилтад хүрсэн бүх зүйл, бүх амжилтын үндэс нь амжилтад хүрэх итгэл байдаг. Амжилтад итгэх нь амжилтад хүрэгсдийн цорын ганц, зайлшгүй онцлог юм.
Итгэ, үнэн голоосоо итгэ. Та чадна, чадах ч болно.
Би олон жилийн турш ажил, мэргэжилдээ амжилт гаргаж чадаагүй олон хүнтэй уулзаж ярилцсан. Тэгээд олон шалтаг, шалтгаан сонслоо. Амжилтад хүрээгүй эдгээр хүмүүстэй ярилцах тусам нийтлэг зүйл нь улам тодорхой болж байлаа. Тэд нэг хэвийн байдлаар, голдуу нэг л янзаар “Үнэндээ бол тэртэй тэргүй би үүнийг хийж чадна гэж бодоогүй”, “Эхлэхээс өмнө бид эргэлзэж байсан” гэх юм уу, эсвэл “Энэ ажил бүтээгүйд нэг их гайхаад байх зүйл
алга” гэж хэлдэг.
“За яах вэ? Үзээд алдъя, гэхдээ бүтэхгүй л байх даа” гэсэн сэтгэлгээ нь амжилтгүй байдалд хүргэдэг. Итгэхгүй байх нь сөрөг хүч юм. Бид ямар нэг зүйлд итгэхгүй, эргэлзэж байгаа бол бодол санаа маань итгэлгүй байдлыг дэмжих шалтаг шалтгаануудыг уудлан гаргаж эхэлдэг. Ихэнх амжилтгүй байдлын буруутан нь эргэлзээ, үл итгэх байдал, амжилтгүй болох тухай бодлууд, амжилтыг хүсэхгүй байх явдал юм.
Айдсын тухай бодвол амжилтад хүрдэггүй. Харин aамжилтын тухай бодвол амжилтад хүрдэг.
Саяхан бид нэг залуу зохиолчтой онгодын тухай ярилцсан юм. Ярианы үеэр энэ салбарт хамгийн их амжилт олсон нэгний нэр дурьдагдаж билээ.
Залуу зохиолч эмэгтэй “Өө тэгэлгүй яахав, Х гуай гайхамшигтай зохиолч, Мэдээж би яаж түүн шиг амжилтад хүрэх вэ дээ? ” гэсэн юм. Түүний энэ хандлага нь намайг гонсойход хүргэв. Учир нь тэр зохиолчийн үг юуг илэрхийлж байгааг би мэдэж байлаа. Тэр Х гуай гоц ухаантай эсвэл бусдаас илүү гоц ойлгох чадвартай хүн биш байсан. Өөртөө гоц итгэдэг болохоос гоц хүн биш байлаа. Хамгийн сайн нь гэдэгтээ итгэдэг байсан учраас түүний үйл хөдлөл, хандлага хамгийн сайн нь байсан юм.
Манлайлагчдыг хүндлэх гэдэг бол сайн зүйл. Тэднээс сур, тэднийг ажигла, тэднийг судал, гэхдээ тэднийг тахин шүтэж болохгүй.
Та тэднээс илүү болж чадна гэдэгтээ итгэ. Илүү урт зам туулж чадна гэдэгтээ итгэ. Дотроо хоёр дахь хамгийн сайн нь би гэсэн хандлагыг хэвээр хадгалагчид хэзээ ямагт хамгийн сайн хоёр дахь нь болж үлддэг. Бодоод үзье л дээ. Итгэл бол амьдралд бидний гүйцэтгэх үүргийн хэмжүүр юм. Жижгэрч арчаагаа алдан, уруудаж байгаа нөхдөө ажигла л даа. Тэд өөрсдийнхөө үнэ цэнэгүй гэдэгтээ итгэдэг учраас л маш бага орлоготой байдаг. Агуу ихийг бүтээж чадахгүй гэдэгтээ итгэдэг учраас хэзээ ч хичээж, зүтгэдэггүй.
Хэрэгтэй хүн биш гэдэгтээ итгэдэг учраас үйл хөдлөл бүхэнд нь хэнд ч хэрэггүй гэсэн тамга байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ итгэл нь тэдний алхаа гишгээ, яриа, үйл хөдлөлөөр илэрч эхэлдэг. Үүнийгээ засаагүй нөхцөлд өөрийгөө хүндлэх нь улам л багасна. Бусад хүмүүс бидэнд бид өөрсдөдөө хэрхэн хандаж байгаа тэр л янзаар ханддаг. Өөрийгөө хүндэтгэхгүй бол орчин тойрны хүмүүс ч бас хүндэтгэхээ больдог.
Итгэлгүйчүүдээс өөр хүмүүс ч бас байдаг. Тэд маш их үнэ цэнэтэй гэдэгтээ итгэж, амьдралаас ихийг олж авдаг. Тэд агуу ихийг бүтээж, хэцүү хүндийг даван туулж чадна гэдэгтээ итгэдэг бөгөөд үнэхээр ч тэгж чаддаг. Тэдний үйл хөдлөл, хийж байгаа бүхэн, өөрийгөө илэрхийлж байгаа нь, зан ааш, бодол санаа, бүх зүйл нь яг л “Хэрэгтэй хүн гэдгийг маань харж байна уу?” гэж хэлж байгаа юм шиг байдаг.
Хүн өөрийн бодол санааны бүтээгдэхүүн байдаг. Сэтгэх цар хүрээгээ тэл. Амжилтдаа итгэх үнэнч, хүндэтгэлтэй итгэлээр, тэмүүлэлтэй, идэвхтэйгээр амжилтын замаар урагшил. Сэтгэх цар хүрээгээ тэл, өөрийгөө хөгжүүл.
Хэдэн жилийн өмнө Дитройтод хэсэг бизнесмэнтэй семинар хийсний дараа нэг хүн надад өөрийгөө танилцуулсан юм. Тэр надад “Таны яриа надад их таалагдлаа. Танд хэдэн минутын зав бий юу? Тантай нэг туршлагаа хуваалцмаар байна” гэсэн юм. Хэдэн минутын дараа бид нэг аятайхан цайны газар тухалж, уух зүйл авчрахыг хүлээж байлаа.
“Би өөрөө биеэрээ үзсэн. Бодол оюун хүний өөрийнх нь эсрэг биш, харин өөрийнх нь төлөө ажиллах тухай өнөө орой таны өгүүлсэнтэй дүйцэж байна. Би өөрийгөө хэвшмэл сэтгэлгээнээс хэрхэн ангижруулснаа өнөөг хүртэл хэнд ч яриагүй. Гэвч өнөөдөр танд яримаар байна”.
“Би ч бас сонсмоор байна”
“Юу л даа, хэдэн жилийн өмнө би бие даан сайн ажилладаг хүний тоонд ордог байлаа. Гангийн үйлдвэрт ажилладаг ердийн л нэг ажилчин. Дундаж стандартын гэж хэлж болох, нэр төртэй амьдралтай байлаа. Манай орон сууц хэт жижиг, хүссэн бүхнээ худалдаж авахад мөнгө хүрдэггүй байсан. Гэргий маань (бурхан түүнийг өршөөг) нэг их гомдоллоод байдаггүй байв.
Сэтгэлийн зовиур улам ихэссээр байлаа. Сайхан гэргий, хоёр хүүхдээ асарч чадахгүй байгаагаа ойлгомогц дотор минь гал шатах шиг болж билээ. Гэхдээ өнөөдөр бүх зүйл огт өөр” гээд яриагаа цааш нь үргэлжлүүлэв.
“Өнөөдөр бид хоёр гектар эдлэн газар, дээр нь барьсан сайхан байшинтай, хэдэн зуун милийн цаана жил тойрон ашиглаж болох зуслантай болсон. Одоо бол бид хүүхдүүдээ сайн дээд сургуульд суралцуулж чадахгүй нь гэж сэтгэл зовохоо, гэргий маань шинэ хувцас авах гэж мөнгө үрэх болгондоо өөрийгөө буруутгахаа больсон. Дараа жилийн зун бид гэрээрээ нэг сар амрахаар Европ руу явна. Үнэхээр ч амьдрал гэж үүнийг л хэлдэг байх даа.”
“Тэгээд энэ бүхэн яаж биелсэн юм бэ?” гэж би асуув.
“Энэ бүхэн энэ орой таны дурьдсан ‘өөрийнхөө хүчинд итгэх’ хэллэгийг хэрэглэж эхэлснээс л болсон.”
Таван жилийн өмнө Дитройт дахь ган хайлуулах үйлдвэртэй холбоотой нэг ажлын тухай хүмүүс ярьж байгааг сонслоо. Тэр үед бид Кливлендэд амьдарч байсан. Магадгүй арай илүү их хөлс авах ч юм билүү гэсэн горьдлоготойгоор очиж үзэхээр шийдлээ. Би тэнд би Ням гаригийн өглөө, их эрт очсон. Гэвч уулзалт Даваа гаригт болох байлаа”.
“Оройн хоолны дараа зочид буудалд өрөөндөө сууж байхдаа нэг зүйлээс болж өөртөө дургүй хүрч байгаагаа мэдэрч “Яагаад ?” гэж өөрөөсөө асуув. Яагаад би амжилтгүй, дундаж хүмүүсийн нэг юм бэ? Яагаад би урагшаа яльгүй ахих ийм ажилд орох гэж зүтгээд байна вэ?”
“Өнөөдрийг хүртэл яагаад ингэж байгаагаа мэдэхгүй байсан ч, хуудас цаас аваад олон жилийн турш сайн мэддэг, ажилдаа надаас илүү их амжилтад хүрсэн, надаас илүү их хүч чадалтай таван хүний нэрийг бичлээ. Хоёр нь илүү сайн дүүрэг рүү нүүсэн манай хуучин хоёр хөрш, хоёр нь миний хамт ажилладаг найзууд, үлдсэн нэг нь хадам аав маань байлаа.”
“Дараа нь (мөн л юу намайг ингэхэд хүргэснийг би мэдэхгүй) ‘Энэ таван хүнд надаас илүү юу байна вэ?’ гэж асуулаа. Тэд надаас илүү ухаантай юу гэвэл үнэндээ надаас нэг их илүү биш байлаа. Үүний адилаар боловсрол, ёс суртахуун, хувь хүний зан заншлын хувьд ч тэдэнд надаас нэг их дээрдэхгүй гэвэл худал хэлсэн болохгүй.”
“Эцэст нь хүн бүрийн мэдэх амжилтын өөр нэг хэмжүүрийг авч үзлээ. Энэ нь идэвх байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхийг би үзэн ядаж байсан ч надад өөр арга байсангүй. Анх удаа би сул талаа харж байлаа. Идэвхийн тухай харьцуулалтаас би амжилтад хүрсэн хүмүүст хүрэхгүй байгаагаа харж байлаа. Өнөөдрийг хүртэл дандаа хойш ухарч байснаа олж харлаа.
Дандаа л айдсаа өөртэйгөө хамт авч явдаг байжээ. Илүү гүн эргэцүүлэн бодсоны эцэст би өөрийгөө хангалттай хэмжээнд үнэлдэггүй байсан маань идэвхгүй байдлын шалтгаан нь болохыг ойлгосон.”
“Шөнийн үлдсэн хэсэгт би нөгөө л газраа суусан хэвээр, өөртөө итгэхгүй байсан маань анхнаасаа намайг юунд хүргэснийг, оюун ухаанаа би өөрийнхөө эсрэг яаж хэрэглэснээ эргэцүүлэн бодож урагш ахих эсэх тухайд өөрийгөө хэрхэн чиглүүлснээ ойлгосон. Өөрийгөө би хямдхан үнээр худалдаж байлаа. Хийсэн, үйлдсэн бүхэндээ өөрийнхөө үнэ цэнийг бууруулах зүйл хийснээ ойлгож байлаа. Эцэст нь би өөртөө итгэх хүртэл хэн ч надад итгэхгүй гэдгийг ойлгоход тархинд минь аянга буух шиг л болсон”.
“Яг тэр үед л би шийдсэн. Тэр үеэс хойш би өөрийгөө хоёр дугаар ангиллынх гэж бодохоо больсон. Үүнээс хойш би авьяас чадвараа хямд үнээр үнэлэхгүй, нөөц бололцоогоо дайчилж ажиллана”.
“Дараа өдрийн өглөө нь мөн л би өөртөө итгэсэн хэвээр байлаа. Уулзалт дэр би өөртөө итгэх итгэлийн эхний шалгалтад орсон. Энэ уулзалтын төлөө хотоосоо замд гарах тэр хоромд тэр үеийн орлогоосоо 750, эсвэл 1000 доллар илүүг шаардах зүрх зориг надад байгаагүй. Гэхдээ би өөрийгөө үнэлж чадсаны хүчинд үүнийг 3500 хүртэл өсгөсөн. Тэд ажилд намайг авсан.
Тэр урт шөнийн туршид хийсэн дүгнэлтийн дүнд би өөрт байгаа зүйлийн маань үнэ цэнэ илүү их гэдгийг ойлгосон учир хөдөлмөрлөх чадвараа би худалдаж чадсан”.
“Тэр ажилд орсноос хойш хоёр жилийн дотор худалдан авагч олохдоо сайн гэж нэрд гарч эхэллээ. Дараа нь хямралын үе эхэлсэн. Би тэр салбарт хамгийн сайн ажиллаж байсан хүмүүсийн тоонд орж байсан болохоор энэ нь миний нэр хүндийг улам өсгөсөн. Байгууллага шинээр зохион байгуулагдаж, надад нилээд их хэмжээний хувьцааг өгсөн”.
Өөртөө итгэвэл л сайн сайхан биеллээ олдог. Таны оюун ухаан тоо томшгүй олон бодлыг бий болгодог машин л гэсэн үг.
Бидний бодол санааг хоёр мэргэжилтэн хариуцдаг. Тэдний нэгийг нь бид ноён Ялалт, нөгөөг нь ноён Уналт гэж нэрлэе. Ноён Ялалт эерэг, өөдрөг бодлыг бий болгодог. Тэрээр та яагаад ажлаа хийж чадах, яагаад хийх ёстой, яагаад та илүү сайн болж чадах тухай бодол санаа бий болгохдоо мэргэшсэн.
Нөгөө мэргэжилтэн болох ноён Уналт нь сөрөг, басамжилсан бодол санааг үйлдвэрлэдэг. Яагаад та ажлаа хийж чадахгүй, өөдгүй, чадваргүй вэ гэдгийн шалтгааныг олоход тань тусалдаг. Түүний мэргэшсэн талбар нь “Яагаад та амжилтад хүрэхгүй вэ?” гэсэн сэдэвтэй бодлын хэлхээ юм.
Ноён Ялалт, ноён Уналтын аль аль нь дуулгавартай ажилтнууд, тэдэнд анхаарал тавихад тэр дор нь л хүлээж авдаг. Аль нэгийг нь хөдөлгөөнд оруулахын тулд хамгийн жижиг “гүй бариад ав” гэсэн бодлын дохио л хангалттай. Хэрэв дохио эерэг байвал ноён Ялалт хөдөлгөөнд орж ажиллаж эхэлнэ.
Харин дохио сөрөг байвал ноён Уналтыг идэвхжүүлнэ. Энэ хоёр мэргэжилтэн таны тусын тулд хэрхэн ажилладгийг авч үзье. Өөрөө өөртөө “Өнөөдөр ямар муухай өдөр вэ?” гэж хэлээд үз л дээ. Энэ дохио ноён Уналтыг идэвхжүүлж,
тэрээр өөрийн зөв болохыг танд нотлохын тулд зарим мэдээллийг өгөх болно.
Тэр танд хэт халуун байгаа тухай, өнөөдөр ажил хэрэг бүтэхгүй, бусад хүмүүс ууртай байгааг, борлуулалт буурахыг, өвдөж магадгүйг, эхнэр чинь өнөөдөр бас л үглэнэ гэдгийг хэлдэг. Ноён Уналт их нөлөөтэй. Хэдхэн секундэд таныг эргүүлчихнэ. Үнэхээр ч муухай өдөр, таны энэ тухай мэдэхээс чинь өмнө л муу өдөр байсан.
Үүний оронд өөртөө “Өнөөдөр ямар сайхан өдөр вэ?” гэж хэлээд үз. Ноён Ялалт тэр дороо дохиог хүлээн авч танд “Гайхалтай өдөр, агаар цэвэрхэн, тэнгэр цэлмэг, амьдрах ямар сайхан юм бэ? Өнөөдөр зарим ажлаа дуусгаж ч болох юм” гэж хэлнэ. Тэртэй тэргүй сайхан өдөр…
Ноён Уналт танд яагаад Смитэд бараа худалдах боломжгүйг хэлж байхад ноён Ялалт танд яаж хийхийг харуулдаг. Ноён Уналт танд амжилтад хүрэхгүй гэж урьдчилан сануулж байхад ноён Ялалт амжилтад хүрэх замыг заадаг. Жишээлбэл ноён Уналт Томыг эсэргүүцэх гайхалтай аргуудыг бэлтгэдэг бол ноён Ялалт танд таалагдах чанар Томд илүү их байгааг харуулдаг.
Энэ хоёр мэргэжилтний алинд нь та илүү их ажил өгсөн бол тэр нь илүү хүчирхэгждэг. Хэрэв ноён Уналтад илүү их ажил өгвөл тэр дор нь шинэ ажилтан нэмж аваад таны оюун санаанд илүү их талбай эзэлдэг. Эцэст нь бодол санааг бий болгогч системийг бүхэлд нь хяналтдаа авч бодол санаанууд тань тэр чигээрээ сөрөг болж хувирдаг.
Ухаалгаар авч болох арга хэмжээ бол ноён Уналтыг хөөх явдал юм. Түүний хэрэгцээ бидэнд байхгүй. Тэр таны эргэн тойронд тэнүүчилж, “Чадахгүй, юу ч бүтэхгүй” гэх зэргээр үглэхийг нь сонсох хэрэгцээ танд байхгүй. Ноён Уналт танд хүслээ биелүүлэхэд тань туслахгүйгээс хойш хүлж баглаад, хогийн саванд хийчих.
Ноён Ялалтыг байгаа цаг хугацааныхаа зуун хувьд нь ашиглая. Таны бодол оюунд шинэ санаа орж ирэхэд ноён Ялалтад хариуцуул. Тэр танд хэрхэн амжилтад хүрэхийг зааж өгнө.
Шинэ салбарууд, шинжлэх ухааны шинэ ололтууд, зах зээлийн өргөжилт энэ бүхэн бүгдээрээ шинэ боломжийг илэрхийлдэг. Энэ бол сайн мэдээ, амьдрахад хамгийн тохиромжтой цаг хугацаа юм.
Бүхий л үзүүлэлтүүд салбар бүхэнд өндөр чадвартай хүмүүсийн эрэлт хэрэгцээ (сайн ажиллах чадвартай, бусдыг чиглүүлэх, хошуучлан ажиллах хүмүүсийн хэрэгцээ) урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр их байгааг илэрхийлж байна. Энэ тэргүүлэх байр суурийг эзлэх хүмүүс нь одоогийн бүх насанд хүрэгчид болон насанд хүрч байгаа хүмүүс юм. Та ч гэсэн тэдний нэг шүү дээ.
Гэнэт цоорох нь хувь хүний амжилтын баталгаа биш. Энэ нь бүдүүлэг ойлголт бөгөөд сая сая хүмүүс (тэдний ихэнх нь) хичээж зүтгэдэг ч амжилтад хүрч чаддаггүй. Хүмүүсийн ихэнх нь сүүлийн хорин жилд боломж асар их өссөн ч гэсэн өөрсдийгөө хангалттай чадваргүй гэж боддог. Үүний дараагийн хөгжлийн эринд олон хүмүүс айдас, түгшүүрээсээ салж, бусдад үнэлэгдэхгүй, өөрийгөө үнэлэхгүй байхаа больж, аажим аажмаар урагшлах болно. Эцэст нь тэдний хүрэх үр дүн тэдэнд аз жаргал өгөх болно.
Бололцоог ямагт ашиглаж чаддаг хүмүүс (та эдгээр хүмүүсийн нэг нь гэдэгт би үнэн голоосоо итгэж байна, тийм биш бол та хувь заяандаа найдаж бүгдийг зөнд нь орхиод энэ номыг сонирхох ч үгүй байхсан) амжилтад хүрэхийн тулд оюунаа дайчилж сурсан, ухаалаг хүмүүс байх болно.
Амжилтын хаалга таны өмнө хэзээ хэзээнийхээсээ илүүгээр нээлттэй байна. Одооноос та нэрээ өөрийн хүссэн салбар дахь шилдэг хүмүүсийн нэрсийн жагсаалтад нэмэхэд бэлтгээрэй.
Амжилтад хүрэх хамгийн эхний, маш энгийн эхний алхам:
Өөртөө итгэ. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ.