LOADING

Type to search

Ухаарахуй

Шидэт үхдлээс баяны хөвгүүний явсан эн тэргүүн зүйл

Share

Ялгуусны живангарид үзүүлсэн лусыг бүтээгч зүрхэн хэмээгч илт гадаад дотоод арилсан савын зүрхэн дундад үзлийг үзүүлэн үйлдэгч итгэл тэрхүү хоёрдугаар багшид мөргөм үү.

Тэр ч Наганжуна багш хийгээд Сайн амгалан явдалт хаан хоёр гайхамшиг тансаг болсон мэргэдийн үйлс хийгээд хотол ардын үйл ёсоор авахуй аливаа хэрэгтнийг оюундаа оруулж бүрүн. Номлохуй хийгээд сонсохуй ба урьсны төдийхнөөр ерийн шид болно хэмээх үгсийн язгуурыг үзүүлнэ. Түүнийг өгүүлэхийн шалтгаан нь Хутагтны улс дахь дунд газар ах дүү долоон илбэч хүн буй ажгуу. Түүн лүгээ хол бус нэгэн бээрийн газар одвоос нэгэн агуу хүчин төгссөн хаанд ах дүү хоёр буйгаас ах нь илбэчний илбэ сурахаар одож, долоон жил заалгаад илбэчний илбийн оньсыг үнэнээр эс сурчээ. Хэзээ нэгэн цагт дүү нь ахдаа хүнс хүргэж очихдоо хаалганы завсраар шагайж харах үе, илбийн оньсыг сураад, ахдаа хүнсээ өгөлгүй хоёул орд харшдаа харив. Тэндээс дүү нь ахдаа

– Илбэчин илбэ сурсныг маань мэдэх болуузай. Бидний хороонд нэг сайн морь бий. Чи түүнийг хөтлөөд долоон илбэчний зүгт бүү яв, өөр оронд одоод эд агуурсыг худалдаж аваад ир хэмээн өгүүлээд өөрөө тэр моринд хувилав.

Ах нь дүүгийнхээ үгээр болж,

– Би долоон жил болтол илбэ эс сурав. Дүү минь ийм сайн морь олжээ. Үүнийг хэрэглэхгүй байж яаж болох вэ гээд унав. Унах болоод илбийн авъяасаар морио залж эс чадаад, илбэчний гадна хүрэв. Тэндээс

– Зугтааваас үл гарна. Мөнхүү энэ илбэчинд худалдсугай! хэмээн сэтгээд,

– Миний дүү ийм нэгэн сайн морь олсон бүлгээ. Та үзнэ үү хэмээн асуухад тэдгээр илбэчин, илбийн морь байна гэдгийг мэдээд «энэ мэт илбийг бүгдээрээ сурваас бүрэн худалгүй болоод илбээр гайхамшигтай болохгүйн тулд үүнийг алсугай!» хэмээн сэтгэж, тэр морийг худалдаж үнийг нь хэлснээр өгч авлаа. Тэндээс илбэчин тэр морийг харанхуй хороонд уяад хэзээ алах цагтаа цус нь арвитахын тулд зарим нь толгой, дэл, сүүлийн үзүүр, гуянаас бариад алуулалгүй мөрний алсад хөтлөн одоход, тэр морь

– Аяа ах минь эс чадав. Өдгөө эдний гарт орлоо. Хувилган егүүтгэх ямарваа нэгэн амьтан ирээсэй гэж бодтол усанд нэгэн загас умбан хөвсөөр ирэхийг үзээд түүнд хувилав. Долоон илбэчин долоон цахлай болоод хөөв. Барих дөхсөнд огторгуйд нэгэн хүүрзгэнэ нисэж ирэхийг үзээд түүнд хувилав. Илбэчин долоон харцага болж уул голгүй үлдэн хөөж хүрэх үед өмнө зүгт Бидийн орны Цогт ууланд амирлуулагч нэрт хүлэмж хадны дотор Наганжуна багш сууж байхад өвөрт нь орж явчхав. Долоон харцага хүлэмжийн хаднаа ирээд долоон расванар болж хувилав. Багш гэгээн Энэ хүүрзгэнийг долоон харцага үлдэхийн шалтгаан нь юу билээ хэмээн бодоод,

– Хүүрзгэнэ ээ, энэ мэт айж зүдсэний учир юу вэ? гэж асуусанд тэр урьд шалтгааныг нарийн тоочиж, өдгөө бидний хүлэмжийн гадна долоон расванар бий. Тэд багшийн өмнө ирээд, багшийн барьсан эрихийг гуйна. Тэр цагт би эрихний толгойд хувилж орно. Багш эрихээ соёрхохдоо толгойг нь амандаа үмхээд, эрихээ цацаж соёрх хэмээн хэлэв. Тэгтэл долоон расванар ирээд багшийн эрихийг гуйсанд толгойг нь амандаа үмхээд эрихээ гадагш нь цацтал нэгэн зуур хорхой болов. Долоон расванар долоон тахиа болоод нөгөө хорхойнуудыг идэв.

Тэндээс багш даруй амнаасаа эрихний толгойг гаргасанд хүн болоод бэрээ барьж, долоон тахиаг алав. Алуулахын үед долоон хүний үхдэл болсонд багшийн сэтгэл маш их зовоод

– Би ганц чиний амийг авраад энэ долоогийн амийг үхүүлсэн нь маш сайн бус хэмээн зарлиг болсонд тэр хүн

– Би бол нэгэн хаан хүний хөвгүүн бөлгөө. Багш ганц миний амийг аврахын тулд эдгээр бүгдийг үхүүлэх нүглийг арилгахын тулд ав аль зарлигийг чинь илт магтсугай хэмээн өчсөнд

багш:

– Тийм бол сэргэлэн ойтой үхээрт шидэт хүүр хэмээх бэлхүүснээс дээш нь алт, доод тал нь зэс, тэргүүнд лавай өнгөт бөлгөө. Түүнийг чи хатуужиж авч чадах уу? Чадах юм бол би түүгээр алт бүтээвэл эл замбутивийн хүн мянга насалж ерийн нэгэн гайхамшигт шид болох бөлгөө хэмээн зарлиг болсонд тэрээр тийн ам алдав.

– Миний явах зам болон үйлдэх арга, авч явах хүнс тэргүүтнийг зааж өгч соёрхтугай.

Зарлигаар чинь болъё гэж өчсөнд багш

– Тийм бөгөөс эндээс нэгэн бээрийн газар очиход маш харанхуй модтой аймаар хавцал, голд маш их үхдлүүдээр дүүрсэн байгаа. Чамайг тэнд очиход тэд бүгдээрээ босож ирнэ. Тэдний ихэнх үхдлүүдэд хала хала, суухаа! хэмээн эдгээр тарнидсан арвай цацаж, түүнээс цаахан нь голд өчүүхэн хүүр олон байгаа. Тэдгээрт өчүүхэн үхдлүүд хэмээвээс хулу хулу суухаа хэмээн цац! Түүнээс цаахан нь нялхсын үхдэл ри, Ри ч бид хэмээн цац. Тэдгээрийн дундаас шидэт хүүр цааш буруулж, Амир нэрт модонд авирч гараад сууна. Тэр цагт чи цагаахан сар нэрт сүхээрээ модны ёзоорыг манахын дүр үзүүлвээс бууж ирнэ. Түүнийг зуугаадыг багтаагч алаг уутандаа хийж зуун гурмасан эрээн дээсээрээ боож, идэж барагдашгүй тост гурилаа идээд, үүрч нэг ч үг дуугаралгүй яваад хүрч ир хэмээгээд амирлуулагч хүлэмж хаданд хүрч ирсний хойно Амгалан сайн явдалт хаан хэмээн нэр өгөөд, замыг зааж өгч явуулав. Тэр хаан багшийн зааж өгсөн аюулыг арилган явсаар хүрсэнд өнөө шидэт хүүр үзээд, амир нэрт модонд авирав.

Тэр модны ёроолд очоод

– Багш минь Наганжуна мөн. Сүх минь цагаахан сар нэртэй буюу. Хүнс минь барагдашгүй тост гурил мөн. Сав минь зуугаадыг багтаагч алаг уут билээ. Дээс минь зуун гурамсан эрээн дээс бөлгөө. Би өөрөө Амгалан сайн явдалт буюу. Үхдэл чи бууж ир! Эс ирвээс модыг чинь огтолно хэмээн өгүүлсэнд

– Модыг минь бүү огтол. Би бууж очъё гээд бууж ирсэнд уутандаа хийгээд дээсээрээ боож тост гурилаа идээд үүрч олон өдөр явсанд шидэт хүүр өгүүлрүүн:

– Өдөр урт учир алжааж байна. Эсвэл чи, эсвэл би нэгэн хууль өгүүлье! гэхэд хаан дуугарахгүй явсаар л байв. Тэгэхэд хүүр

– Чи өгүүлэхгүй бол толгойгоо дохь гэсэнд хаан дуугарахгүй толгойгоо дохив. Тэгтэл шидэт хүүр хууль өгүүлрүүн

– Тэндээс балар эрт нөгчсөн цагт баяны хөвгүүн, модчины хөвгүүн, эмчийн хөвгүүн, зураачийн хөвгүүн, тоочийн хөвгүүн, төмөрчний хөвгүүн зургуул эцэг эхээсээ оргон нэгдэж, хүнс аваад өөр нэгэн улс руу явжээ. Нэгэн голын бэлчирт хүрээд тэнд хүн бүр нэг нэг сүнсний мод босгоод өөр өөрийн голд идээ эрэхээр одож зургаан жил болоод эндээ уулзацгаая гэж болзоод хэрвээ хэн нэг нь эндээ ирэхэд бидний мод өнгө хувхайрсан болбоос түүний явсан зүгт явъя хэмээн тогтжээ.

Баяны хүү нэгэн голыг өгсөж явахад тэр голын эхэнд ой, өлөн хоёрын уулзварт нэгэн жижигхэн байшин байх бөгөөд хаалганы нь дэргэд очив. Тэнд их өтөлсөн өвгөн эмгэн хоёр байжээ. Тэр хоёр

– Хүү чи хаанаас ирж хааг зорьж явна вэ? гэхэд Хүү

– Би холоос ирсэн билээ. Идээ эрэхийн тулд энд ирэв гэхэд өвгөн эмгэн хоёр

– Тийм бол чиний ирсэн чинь сайн байна! Бидэнд бие бялдар сайхан, гоо үзэсгэлэнтэй нэгэн охин бий. Чи түүнийг аваад миний хүү бол гэх үед тэр охин гадаа ирсэнд түүнийг үзээд «эцэг эхээсээ буруулж ирсэн минь зөвдлөө. Энэ тэнгэрийн охидоос ч үлэмж гайхамшиг үзэсгэлэнт буюу. Үүнийг аваад энд сууя» гэж бодов. Тэр охин:

– Хүү чи ирсэн чинь маш сайн гээд хэдэн үг солилцон ойлголцож гэртээ орж амраглан

жаргаж суув. Тэр голын адагт нэгэн их хаан байдаг ажээ. Түүний зарц нь хавар усанд наадан явж байтал голын эхэнд баяны хүүгийн гэрийн элдэв зүйлээр үүдсэн бэлзэг усанд урсаж ирэхийг аваад тэр маш үнэтэй эдлэл тул хаандаа аваачиж өгөв. Хаан түүнийг үзээд ихэд гайхаж зарцдаа

– Энэ голын эхэнд энэ бэлзгийг зүүсэн нэгэн хатан буй ажээ. Түүнийг миний дэргэд авчир гэж илгээжээ. Тэр ирж түүнийг үзээд түүнийг үзэсгэлэнг үзэж ханашгүй сайхан юм гэж гайхан бодоод очиж

– Хаан чамайг авчир гэлээ гээд баяны хүүгийн хамт авчирч хаанд өгөв. Хаан үзээд

– Энэ бол тэнгэрийн охин буюу. Үүний дэргэд миний бусад хатад нохой гахайн адил хэмээн зарлиг болоод тэр охиныг үлэмж дотночлов. Охин хааныг бус гагцхүү баяны хүүг л сэтгэлдээ бодон сууна. Энэ байдлыг хаан ухаж мэдээд зарцдаа

– Энэ баяны хүүг үгүй болго хэмээн тушаав. Тэр хүүг наадамд авч яваад нэгэн мөрний хязгаар газар авчирч булаад дээрээс нь том хадаар дарж алав.

Тэндээс нөхөд нь зүг зүгээс нөгөө болзсон газраа цуглан ирж үзвэл баяны хүү байхгүй сүнсний мод нь хувхайрсныг хараад түүний явсан голд ирж эс олсонд тоочийн хүү тоолж үзээд тэр баяны хүү ийм нэгэн газарт их хаданд дарагджээ хэмээн мэдээд эрж олоод хадыг зайлуулах арга эс олсонд төмөрчний хүү алх авч тэр хадыг хэмхчин худаг малтаад хүүрийг нь гаргав. Эмчийн хүү үхснийг эдгээх эм найруулж аманд нь цутгаснаар амилан босож юу болсныг асуулцан ярилцаад

– Чи ямар шалтгаанаар үхэв гэж асуужээ. Хүү болсон явдлыг нэгбүрчлэн өгүүлсэнд нөхөд нь

– Тийм гоо эм бөгөөс гайхамшигтай ажгуу. Одоо яаж түүнийг ямар аргаар авах вэ гэж зөвлөлдөж, модчийн хүү модоор гарди үйлдээд дотор нь орж дээш нь дэлдвээс дээшээ, доош дэлдвэл доошоо, хөндлөн дэлдвээс хөндлөн явах ийм унааг сэдэж хийв. Түүнийг зураачийн хүү элдэв будгаар будаад амьд мэт болгожээ. Түүний дотор баяны хүү ороод халин нисэж хааны орд харшийн дэргэд эргэн тойрон байхад хаан болон шадар түшмэд нь үзээд гайхаж

Энэ мэт шувууг урьд эс үзэв. Сонсоогүй юм байна гээд хатандаа хэлж орд харшийн давхар дээр элдэв зүйлийн идээг өг гэсэнд хатан нь идээ аваад орд харшийн дээр гарч суухад, тэр шувуу тэнд бууж ирээд үеийн хоёр модон гардийн хаалгаар золголдсонд хатан ихэд баясаж

– Чамтай золголдох сэтгэлийн дотор чи үгүй байтал өдгөө золголдох болжээ. Энэ хувилгаант шувууг яаж бүтээгээ вэ гэсэнд өнгөрсөн явдлыг бүгдийг нарийлан тоолж өгүүлээд

– Өдгөө хааны хатан болсоор сууна уу? Хоёул үнэн дураар гэргий бололцох аваас энэ модон гардийн дотор наашаа ор. Огторгуйгаар нисэж одвоос хор хомс үл болно гэсэнд хатан

– Чамтай баясалцъя, урьд учралдсан нөхрийн дээд хэмээн өгүүлээд тэр модон гардийн дотор ороод огторгуйгаар нисэж одоход хаан түшмэдийн хамт ирээд

– Аяа, сэтгэлд зохист тэр шувуунд идээ өгөхийн тулд хатнаа илгээсэнд хатныг минь огторгуйд авч одов хэмээн газарт хөрвөөн гашуудав. Тэндээс баяны хүү модон гардийн оньсыг доош дэлдээд, нөхдийнхөө дэргэд буугаад урьдаар өөрөө гарч ирсэнд нөхөд нь

– Хэрэг чинь бүтэв үү гэв.

– Хэрэг минь маш сайн бүтэв гэв.

Хатнаа гаргаж ир гэхэд хатан гарч ирэхэд нөхөд нь үзэж маш гоо үзэсгэлэнтэй тул сэтгэлээ ихэд тачаав. Тэндээс баяны хүү

– Та нар минь надад их тусаллаа. Намайг үхсэн байхад олж эдгээгээд, энэ гэргийг минь авах аргыг зааж өгөв. Одоо би ачийг чинь хариулна. Биднийг бүү хагацуул хэмээн өчсөнд Тоочийн хүү үл зөвшөөрөн:

– Чамайг байгаа үгүйг эс мэдэх тул миний тооцоолж мэдсэнээр түүнд шүтэж хатныг авсан болой. Хатныг надад өг хэмээсэнд уран хүний хүү

– Чи тооцоолж мэдсэн боловч их хадны доороос яаж авах бөлгөө. Хадыг хагачиж үхдлийг гаргаснаар хатныг авав. Хатан минийх гэсэнд эмчийн хөвгүүн

– Хадыг хагачиж үхдлийг гаргавч тэр үхдэл хатныг хэрхэн авах бөлгөө. Би үхснийг эдгээх эмээр эдгээсэн түүнд шүтэж авлаа. Хатныг би авна гэсэнд модчийн хүү

– Эмээр эдгээсэн ч, модон гарди үгүй бол хатныг яаж авах билээ та. Хаанд цэрэглэж үл чадах биз. Орд харшийн дотор хүн үл орохын тулд хатныг авах аргагүй. Миний модон гардиар авсан болой. Хатныг надад өг хэмээсэнд зураачийн хөвгүүн үл болон

– Чиний хувхай модон гарьдад хатан идээ өгөхөөр ирэхгүй. Би элдэв зүйл будгуудаар будаж, үзэх мэт болгосноор хатныг авсан буй хэмээн хоорондоо муудалцаж охиныг хутгаар цавчилж алав хэмээсэнд Хаан

– Хөөрхий, хайран охин хэмээн өгүүлсэнд, шидэт хүүр

– Заяагаа барсан хаан үг алдав. Сарвад үл сууна хэмээгээд алдуулан нисэж одов.

Шидэт хүүрийн үлгэр номоос

error: Content is protected !!