₮ 0

No products in the cart.

Бурхан багшийн сургаалийн НУУЦ ЭРДЭНЭ

Гэгээрэхийн үр: Нууц эрдэнэ

1. Ариун тунгалаг, жинхэнэ санаа сэтгэл бол зүйрлэн хэлбэл Бурхан багшийн мөн чанар буюу Бурхан багшийн үр юм. Бид томруулдаг шил авч нарны олон сая, живаа туяаг нэгэн багц болгон зулын голд тусгахад ямар учраас асдаг вэ?

Хаанаас гал гарч ирдэг вэ? Нар томруулдаг шил хоёр нэг нэгнээсээ алс хол учир нэг бие болон нэгдээгүй гэлээ ч нарны туяа нь томруулдаг шилийн тусламжтайгаар зулын голыг асаасанд хэн ч үл эргэлзэнэ. Гэтэл нарны туяа зулын гол дээр туслаа ч, хэрэв тэр нь үл асах чанартай бол асахгүйсэн билээ.

Хэрэв Бурхан багшийг төрүүлдэг Бурхан багшийн мөн чанарын зулын голд Түүний оюун гал нь хүн-зулын голыг асааж, Бурхан багшийн мөн чанарыг нээгч итгэл бишрэлийн гал болон бадран дүрэлзэнэ. Бурхан багш өөрийн оюун ухааны томруулагч шилийг ертөнцөд тусгадаг тул энэ ертөнцөд итгэл бшрэлийн гал дүрэлзэн асдаг.

2. Хэдийгээр бүх хүн төрөлхөөсөө гэгээрэх үрийг өөртөө агуулдаг ч, хүмүүс хорвоогийн шунал тачаалын тоосны үүл мананд төөрч, сайн, муу хэмээх ойлголтын эрхшээлд автаж бачимддаг билээ.

Хүмүүс төрөлхөөсөө гэгээрэх санаа сэтгэлийг агуулдаг мөртлөө яагаад буруу ташаа төсөөлөл буй болгож, Бурхан багшийн гэрэл гэгээнээс зайлж, төөрөгдлийн ертөнцөд хэрэн хэснэ вэ? Эрт урьд цагт нэг хүн өглөө эрт босч, өөрийгөө толинд харж, нүүр царай, толгойгүй болсноо үзээд сандарчээ. Гэвч түүний нүүр царай, толгой нь алга болоогүй, тэрбээр толио буруу харуулж, өөрийгөө ар талд нь харж тийнхүү эндүүрчээ.

Хүсэн хичээвч гэгээрч чадахгүй нь гээд зовж шаналах бол тэнэг явдал юм. Ингэх шаардлагагүй. Гэгээрэлд төөрөгдөл байхгүй, гэвч хүн эцэс төгсгөлгүй цаг хугацааны турш гадаад тоосонд дарагдахдаа, төсөөлөл таамаглалын ертөнцөд амьдарч, улмаар өөртөө төөрөгдлийн ертөнцийг бүтээн буй болгожээ. Тиймээс хүн төсөөллийн ертөнцөө орхиж чадвал, төвөггүй гэгээрч, гэгээрлээс өөр төсөөллийн ертөнц байхгүйг ухаарна. Гэвч гэгээрсэн хүний хувьд төсөөллийн ертөнц нэгэнт алга болж, тэрбээр юунд ч гэгээрэх хэрэггүйг ухаарах нь юу юунаас илүү гайхалтай.

З. Бурхан багшийн энэхүү мөн чанар үүрд мөнх оршдог. Ертөнцөд хүн, амьтны төрхийг олж төрсөн ч, эсвэл бирд буюу өлсгөлөн сүнс болж төрөөд зовж зүдэрсэн ч, тамд унасан ч гэсэн Бурхан багшийн мөн чанар мөнх оршино. Бузартсан бие махбод, хорвоогийн шунал тачаалын хир буртаг бүхий ёроолд унавч Бурхан багшийн мөн чанар нь гэрэл гэгээ цацраасан хэвээр байна.

4. Эрт урьд цагт нэгэн хүн найзындаа очихоор явжээ. Тэрбээр дарс ууж согтоод, найзындаа унтжээ. Түүнийг нойрсож ахуй үед найзад нь яаралтай ажил гарч аянд оджээ. Гэвч явахынхаа өмнө найзыгаа бодож, дээлийнх нь заханд эрдэнэ нууж оёсон аж.

Түүнийг мэдээгүй нөхөр нь унтаж босоод олон орноор хэрэн хэсч, идэх хоол, уух усгүй явж байлаа. Чингээд найзтайгаа тааралдахад цаадах нь дээлийнхээ заханд буй эрдэнийг хэрэглэ хэмээжээ. Энэхүү домог үлгэр лүгээ адил Бурхан багшийн мөн чанарын эрдэнэ бол хүсэл шунал, уур уцаар зэрэг хорвоогийн тачаалын дээлийн заханд нууц далд буй бөгөөд хэзээ ч өнгө алддаггүй билээ.

Энэ ертөнцөд Бурхан багшийн оюун ухаангүй төрсөн нэгээхэн бээрч хүн байхгүй. Тиймээс Бурхан багш харцаараа хүмүүсийг цоо ширтэхдээ: “Бүх хүн Бурхан багшийн оюун ухаан, бодь чанаруудыг өөртөө агуулдаг нь юутай сайхан бэ!” гэж баясан баярладаг. Гэвч хүмүүс мунхагийн харанхуйд автаж, эд юмсыг ёсоор нь эс харж, өөрт нь Бурхан багшийн мөн чанар буйг эс үзэх учир Бурхан багш хүмүүсийг сургаж, тэднийг төсөөллийн ертөнцөөс ангижруулж, тэд төрөлхөөсөө Бурхан багшаас өчүүхэн бээр ялгал үгүй хэмээн ойлгуулдаг.

5. Энд бидний ярьж буй Бурхан багш бол Бурхан багш болсон Хүн юм. Ирээдүйд бүх хүн мөн адил Бурхан багш болно, өөр хэн ч болохгүй. Хэдийгээр тэд Бурхан багш болох ёстой ч, одоохондоо болоогүй байгаа билээ. Хэрэв хэн нэг нь Бурхан багшийн сургаалыг ухаарч таньсан гэж бодвол их л алдаж байгаа хэрэг. Хэдийгээр бүх хүнд Бурхан багшийн мөн чанар буй боловч хүн Бурхан багшийн сургаалыг ухаартал тэр чанар нь үл илэрнэ. Тэр чанар үл илэрнэ гэдэг нь Бурхан багшийн сургаалыг тэр хүн ухаараагүй гэсэн үг.

6. Эрт урьд цагт нэгэн хаан амьдарч байжээ. Тэрбээр сохор хүмүүсийг дуудан цуглуулж цугааранд нь нэгэн зааныг барьж үзэхийг тушааж, дараа нь хүн бүрээс зааныг хэрхэн төсөөлж байгааг лавлажээ. Зааны соёог барьж үзсэн сохор хүн хэлэхдээ, заан томоос том лууван лугаа адил гэжээ. Чихийг нь барьж үзсэн хүн, заан дэвүүр лүгээ адил хэмээжээ. Хушуугий нь оролдсон хүн өчихдөө, заан томоохон нүдүүр лүгээ адил хэмээжээ.

Хөлийг нь оролдсон хүн, заан том гуалин мод лугаа адил гэжээ. Сүүлийг нь барьж үзсэн хүн, заан нь олстой адилхан гэжээ. Нэг ч сохор хүн зааны тухай зөв төсөөлөл олж аваагүй аж. Үүнтэй адил хүнийг оролдож үзээд, биений нь зарим хэсгийг тодорхойлж болох ч, түүний мөн чанарын тухай буюу Бурхан багшийн мөн чанарын тухай зөв, оновчтой хэлэхэд туйлын хэцүү. Хүн үхэхэд эс алдагдах,хорвоогийн шунал тачаалд өнгөө үл алдах, мөнх оршдог Бурхан багшийн мөн чанарыг гагцхүү Бурхан багш, Түүний сургаалын хүчээр л олж болно.

ЭХ СУРВАЛЖ: БУРХАН БАГШИЙН СУРГААЛ НОМ

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...