LOADING

Type to search

Ухаарахуй

Гэгээрэхийн үр: Ариун нандин сэтгэл

Share

1. Орчлон хорвоод янз янзын хүмүүс байдаг. Санаа сэтгэл нь манантаж эхэлсэн, санаа сэтгэл нь бүр манантчихсан хүмүүс аль аль нь буй. Ухаантай хүмүүс буй, тэнэг хүмүүс ч буй. Сайхан сэтгэлтэй хүмүүс, атгаг санаатай хүмүүс ч буй. Нэг хэсгийг нь зааж сургахад амархан, нөгөөг нь хэцүү байдаг.

Хүмүүсийг өнгө өнгийн лянхуа цэцэгтэй үлгэрлэж болно. Тэднийг тогтмол усанд ургадаг цэнхэр, улаан, шар, цагаан олон өнгийн лянхуатай зүйрлэж болно. Тэдгээр нь цугаараа усанд ургадаг хэдий ч нэг хэсэг нь усан доор, нөгөө нь усны гадаргуу дээр, гурав дахь нь уснаас дээш, усанд хүрэлгүй ургадаг билээ. Түүнээс гадна хүмүүс хүйсээрээ ялгагдана. Эмэгтэй, эрэгтэй хүмүүс буй. Гэвч бүх хүмүүсийн мөн чанар адилхан юм.

Бурхан багшийн сургаалыг дагасан эрэгтэй хүн гэгээрч болохтой адил, сэтгэл юугаа ариусган төгс төгөлдөр болгож буй эмэгтэй хүн ч гэгээрнэ. Зааныг унаж сурахад итгэл, эрүүл мэнд, хичээл зүтгэл, шулуун шударга зан, саруул ухаан хэрэгтэй. Бурхан багшийг дагаж гэгээрэхийн тулд эдгээр таван чанар мөн шаардагдана. Дээрх таван чанар буй болж бурхан багшийн сургаалыг эзэмшихэд цаг хугацаа их шаардагдахгүй. Учир нь бүх хүн гэгээрэх мөн чанартай төрсөн билээ.

2. Гэгээрэх явцдаа Бурхан багшийг хүн нүдээрээ харж, түүнд зүрх сэтгэлээрээ сүсэглэн итгэнэ.

Гэвч Бурханыг олж харах өнөө нүд, түүнд сүсэглэн итгэх өнөө зүрх сэтгэл эдүгээ хүнийг амьдрал, үхлийн ертөнцөд хөтлөн явж байна. Дээрэмчдийг бут цохихын тулд эзэн хаан юуны түрүүнд тэдний үүр хаа байгааг олж мэдэх ёстой. Үүнтэй адил төөрөгдлийг устгахын тулд түүний нүд, зүрх сэтгэл нь хаана буйг олж мэдэх хэрэгтэй.

Хүн тасалгаанд нүдээ нээхдээ юуны өмнө тэнд буй эд юмсыг олж хардаг. Дараа нь цонхоор харж, цонхны цаана буй юмыг үздэг. Тасалгаанд буйг олж хараагүй мөртлөө цонхны цаадахыг олж харна гэж үгүй.

Хэрэв бие махбод дотор санаа сэтгэл оршдогсон бол тэрбээр эхлээд бие доторхийг сайн харах байсан билээ. Гэтэл хэрэг дээрээ хүн бие махбодынхоо гаднахыг л сайн мэддэг бөгөөд бие махбод дотроо юу байдгийг бараг мэдэхгүй. Хэрэв санаа сэтгэл бие махбодынхоо гадна байсан бол тэдгээр нь тусдаа орших байсан агаад санаа сэтгэлийнхээ мэддэгийг мэдэхгүй байхсан.

Үнэн хэрэгтээ санаа сэтгэлийнхээ мэддэгийг бие махбод мэдэрч, бие махбодынхоо мэдэрдэгийг санаа сэтгэл нь мэддэг. Тиймээс санаа сэтгэл нь бие махбодын гадна байдаг хэмээж үл болно. Тийн аваас санаа сэтгэлийн мөн чанар хаана оршдог вэ?

З. Тэргүүлшгүй цагийн чанадаас эхлээд бүх хүн өөрсдийнхөө үйлийн үрээр холбогдож, хоёр зүйлийг мэддэггүй учраас төөрөлдөж байдаг.

Нэгдүгээрт, хүмүүс төрөх, үхэхийг үзэж хардаг төөрөлдсөн сэтгэлээ өөрсдийн мөн чанар гэж үздэг.

Хоёрдугаарт, гэгээрэхийн мөн чанар болсон ариун цагаан сэтгэл нь төөрөлдсөн сэтгэлийнхээ сүүдэрт нуугдаж, өөрсдийнх нь дотор оршдогийг үл мэднэ. Хүн гараа зангидаж нударгаа дээш өргөхөд түүнийг нүд харж, сэтгэл мэдэж авдаг. Гэвч энэ бол сэтгэл бол жинхэнэ сэтгэл биш.

Элдвийг санаархаж буй санаа сэтгэл хүслээс ургана. Энэ сэтгэл нь өөрийнхөө ашиг хонжоог л урьтал болгоно. Энэхүү санаа сэтгэл цаг нь болж, нөхцөл бүрэлдсэний улмаас хөөрөн дэвэрч үргэлж хувирч байдаг, жинхэнэ мөн чанаргүй билээ.

Хүн өөрөө санаа сэтгэлээ мөн чанартай гэж итгэснээс төөрөгдөл үүснэ. Хүн гараа атгахаа больж, хуруугаа тэнийлгэхэд санаа сэтгэл нь хуруунууд тэнийснийг мэднэ. Ингэхэд юу хөдөлгөөнд орно вэ? Гар уу? Санаа сэтгэл үү? Эсвэл аль нь ч биш үү? Гар хөдөлж байвал санаа сэтгэл мөн хөдөлж байгаа билээ. Эсвэл санаа сэтгэлийн хөдөлгөөн гарт шилжиж байгаа юм. Гэвч хөдөлж буй санаа сэтгэл нь гүн гүнзгий оршдог бус, гүехэн өнгөц оршдог сэтгэл юм.

4. Бүх хүн ариун тунгалаг жинхэнэ санаа сэтгэлтэй билээ. Тэр сэтгэл нь гадаад нөхцөлөөс шалтгаалан буй болдог төөрөгдлийн тоосонд хучаастай байдаг. Гэвч төөрөгдөж буй санаа сэтгэл гол бус, хоёрдогч чанартай юм. Хэдийгээр үүлс сарыг хэсэг зуур хаадаг ч, түүнийг бохиртуулж хиртүүлэхгүй, байрнаас нь ч хөдөлгөхгүй. Тиймээс хүн мөн чанараа салхинд боссон бөөн тоосон үүл лүгээ адил төөрөлдсөн санаа сэтгэл мөн хэмээн бодож болохгүй. Хүн үл хөдлөгч, үл бузартсан, жинхэнэ санаа сэтгэлээ түргэн олж, өөрийнхөө мөн чанарт эргэн орох ёстой.

Хүн хувиран өөрчлөгдөх, төөрөлдсөн сэтгэлийнхээ эрхэнд байдаг тул, эд юмыг буруугаар үзэж, тиймээс ч төөрөгдлийн далайд зүг чигээ олохгүй самуурдаг. Үргэлж хувиран өөрчлөгдөгч гадаад шалтгаан, хүсэл шуналын улмаас хүний санаа сэтгэл төөрөлдөн бузартдаг билээ. Мөнхийн үл хөдлөх, үл эвдрэх, гадаад шалтгаанд үл автах санаа сэтгэл бол хүний мөн чанар, гол санаа сэтгэл нь юм.

Буудалласан хүн буцахад дэн буудал нь алга болохгүйтэй адил, гадаад нөхцөл шалтгааны улмаас буй болж, алга болж, элдвийг санаархаж байдаг сэтгэл үгүй боллоо гээд хүн алга болохгүй. Гадаад нөхцөл байдлаас болж өөрчлөгдөх санаа бол хүний сэтгэлийн мөн чанар бус юм.

5. Уужим танхим байна гэж бодьё. Нар мандах үед танхим гэрэлтэж, нар жаргахад харанхуй болно. Гэрэл гэгээг нартай, харанхуйг шөнөтэй холбож болно. Гэвч бид гэрэл, харанхуйг танин мэдэхэд тус болдог хүчийг юутай ч холбож үл чадна. Гагцхүү санаа сэтгэлийн мөн чанартай холбохоос өөр аргагүй юм. Нар мандаж, бид гэрэл гэгээг олж харах нь санаа сэтгэл хоромхон зуур илэрч байгаа хэрэг.

Нар жаргаж, харанхуйг олж харах нь бас санаа сэтгэл хоромхон зуур илэрч байгаа хэрэг. Гэтэл харанхуй мэтийн гадаад нөхцөл шалтгаан нь гэрэл, харанхуйг ялгадаг бидний сэтгэлийг дуудан гаргаж ирдэг. Гэвч энэ нь санаа сэтгэлийн түр зуурын илрэл бөгөөд санаа сэтгэл өөрөө бус, түүний мөн чанар бус билээ.

Гэрэл, харанхуйг ялгагч хүчний эх булаг бол санаа сэтгэлийн мөн чанар юм. Гадаад нөхцөл шалтгааны улмаас буй болж, бас алга болох буян нүглийн ойлголт хийгээд хайрлах, үзэн ядах сэтгэл нь хүний сэтгэлд хуримтлагдсан хир бузраас үүдэн буй санаа сэтгэлийн түр зуурын илрэл юм. Хэдийгээр хорвоогийн хүсэл шуналын тоосонд дарагдсан ч хиртэж, бузартаагүй үнэхээр ариун тунгалаг санаа сэтгэл байдаг. Бөөрөнхий саванд буй ус бөөрөнхий, дөрвөлжин саванд буй ус дөрвөлжин санагдана. Гэвч ус мөн чанартаа бөөрөнхий ч бус, дөрвөлжин ч бус.

Хүмүүс үүнийг мартаж усыг гагцхүү хэлбэрээр нь дүгнэдэг. Хүмүүс буян, нүгэл, хайрлах, үл хайрлах, орших, үл орших зэрэг ухагдахууны хүлээсэнд баригдаж гадаад хэлбэрийг хөөцөлдөн зовж зүдэрдэг. Хэрэв гадаад нөхцөл шалтгаанаас ангижран салж, өөрийн жинхэнэ чөлөөт мөн чанарыг олвол бие махбод, санаа сэтгэл ямар ч хүлээсэнд авталгүй, бүрэн эрх чөлөөгөө олно.

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном

error: Content is protected !!