₮ 0

No products in the cart.

Инсулин болон түүнээс хамаарах эмгэг

Инсулин гэж эм, тариа байдаг. Үнэн хэрэгтээ инсулин бол химийн аргаар боловсруулан бэлтгэсэн эм биш юм. Хүний нойр булчирхайгаас ялгардаг нэгэн төрлийн даавар бөгөөд цусан дахь чихрийн хэмжээг зохицуулах үндсэн үүрэгтэй.

Түүнээс гадна элгэнд гликоген задрах үйл явцыг тогтмол түвшинд барьж байхыг инсулин бас зохицуулдаг юм. Бүх даавар тогтмол хэмжээтэй байх боловч биеийн эсэргүүцэл өөрчлөгдөх, тэрчлэн хийж буй ажил мэргэжил, нас, хүйс зэргээс хамааран хэлбэлзэх боловч байх ёстой хязгаар дотроосоо илүүдэх юм уу дутах ёсгүй.

Үүнийг хянаж тэнцвэржүүлэх үүрэг бүхий тогтолцоо хүнд байгалиас заяагдсан байдаг юм. Гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр энэ зохицуулалт алдагдвал эмгэг өвчин болж хувирдаг.

Жишээ нь, дааврын хэмжээ ихэсвэл хортой, хоргүй хавдар үүсэх магадлал өндөр болно. Тэрчлэн инсулины ялгаралт саатваас  чихрийн шижин өвчин үүсдэг. Өөрөөр хэлбэл, чихрийн шижин өвчний үед инсулин ялгаруулагч нойр булчирхайн өвөрмөц эсийн /лангергансын арал гэж нэрлэдэг/ даавар ялгаруулалт багасах буюу өвчин хүнд үедээ орсон бол үндсэндээ ялгарахгүй байх талдаа гэхэд болно.

Тиймээс чихрийн шижин өвчтэй хүмүүст инсулин тогтмол тарих, уулгах хэрэгтэй болдог юм. Ер нь чихрийн шижингийн үед уудаг эмүүд инсулины ялгаруулалтыг дэмжихэд чиглэсэн үйлчилгээтэй байдаг бол инсулин тариа нь дутагдан буй инсулиныг шууд орлоно гэсэн үг.

Гэхдээ инсулинаас хамааралгүй чихрийн шижин гэж өвчин бий. Ийм тохиолдол голдуу дундаас дээш насныханд илрэх ба нойр булчирхайн төрөлхийн болон олдмол өөрчлөлтөөс хамааран архаг өвчтэй байснаа  анзааралгүй явсаар нэг л мэдсэн чихрийн шижинтэй болсон байдаг.

Ийм тохиолдолд инсулин ялгарах боловч байх ёстой хэмжээнээсээ байнга дутуу ялгарах учир аажмаар өвчин болж илэрдэг.

Инсулин нь хүний биеийн булчингийн эд, эсэд энерги хуримтлуулах нөлөөлөл үзүүлдэг. Тиймээс хүнд өвчин эмгэгээс болоод биеийн эсэргүүцэл суларсан, тамир тэнхээ алдсан, гүн хордлогод орсон хүмүүст энерги нэмэх зорилгоор инсулиныг бага тунгаар тарьж хэрэглэх нь бий.

Ингэж хэрэглэх бол нарийн шинжилгээ, хяналтан дор мэргэжлийн эмчийн заавраар хийдэг. Энэ бүгдээс гадна нойр булчирхайн нэгэн өвөрмөц эс /ветта гэнэ/-ийн үйл ажиллагааны алдагдлаас болж цусанд байх ёстой чихэрлэгийн хэмжээ хэт багасах эмгэг илэрдэг.

Эрүүл хүмүүсийн хувьд өлөн элгэн дээр шинжилгээ хийж үзвэл цусан дахь чихэрлэгийн хэмжээ ялимгүй багассан байх ёстой. Харин хоол хүнс хэрэглэсний дараа, тэр тусмаа нүүрс ус элбэгтэй хоол идсэний дараа шинжилгээ хийхэд чихэрлэг бага гарвал эмгэг гэж үздэг.

Ийм эмгэг голдуу нойр булчирхайн хавдраас үүдэлтэй байдаг юм. Инсулин ийм онцгой чанартай, үйлчилгээтэй учраас эмчийн зааваргүй хэрэглэж болохгүй. Учир нь инсулинаас харшлах эмгэг цөөнгүй тохиолдоно. Түүнээс гадна инсулиныг эмх замбараагүй, нарийн хяналтгүй удаан хэрэглэснээс болоод инсулинд тэсвэртэй болох нь бий. Өөрөөр хэлбэл, инсулин тариад ч цусан дахь чихрийн хэмжээ нь буурахаа болих тохиолдол гардаг.

Чихрийн шижинтэй хүний тоо эрс нэмэгдэж, тэр хэрээр инсулин тарианы хэрэгцээ ч өссөн учир эрдэмтэд зарим төрлийн нянгийн генд өөрчлөлт оруулах замаар инсулин гаргаж авсан нь өргөн хэрэглэгдэж байна. Энэ синтетик инсулиныг гаргаж авахын тулд зарим химийн бодис ашигладаг.

Үүнээс болоод нийлэг инсулинаас шалтгаантай харшил илрэх болсон судалгаа байдаг. Инсулиныг яаран хэрэглэж эхлэх нь буруу гэдэг ч эмийн болон хоолны дэглэм, биеийн тамирын дасгалын хүчээр чихрийн шижин өвчин нь тодорхой түвшинд баригдахгүй бол тарианд оруулдаг.

Инсулин тариа нь хурдан үйлчилгээтэй, удаан үйлчилгээтэй гэхчлэн ялгаатай. Цусан дахь сахар огцом ихэссэнээс шоконд орох эрсдэлтэй учир ийм үед хурдан үйлчилгээтэй инсулиныг тарьдаг юм.

Ер нь чихрийн шижинтэй хүмүүс цүнх савандаа чихэр, шоколад авч явахыг эмч нар зөвлөдөг. Учир нь инсулин ихэдсэн үед тэнцүүлэхийн тулд яаралтай чихэр, шоколад идэх шаардлага гарч болзошгүйгээс тэр.

 “Эрүүл мэнд” номоос

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...