1 Бурханы амин сүнс бол Дээд зэргийн нигүүлсэнгүй, дээд зэргийн энэрэнгүй сэтгэл билээ. Дээд зэргийн нигүүлсэнгүй сэтгэл нь ямар ч үнэ цэнээр хамаагүй бүх хүнийг аврах гэсэн Бурхан багшийн хүслэн юм.
Дээд зэргийн энэрэнгүй сэтгэл нь хүмүүстэй хамт өвдөж зовох, тэдэнтэй хамт зовлон зүдгүүрийг туулах гэсэн Бурхан багшийн хүслэн юм. Элбэрэлт эх лүгээ адил Бурхан багшийн сэтгэл нь хэнийг ч гэсэн цаг үргэлж анхааран хамгаалж, хооллож, аюултай мөч тулгарахад авардаг юм. Бурхан багш хүмүүсийг хэзээ ч үл орхино.
Тэрбээр хүмүүс зовоход Өөрөө адилхан зовж, хүмүүс баярлаж баясахад Өөрөө адилхан баясах бүлгээ. Бурхан багш хүмүүст Дээд зэргийн нигүүлсэнгүй сэтгэлээр ханддаг.
Хүмүүс энэхүү Дээд зэргийн нигүүлсэнгүй сэтгэлийг мэдэрч түүнд сүсэглэн биширч эхэлдэг юм. Сүсэг бишрэл нь гэгээрэх замд хөтөлнө. Үлгэрлэвээс эх хүн үрээ хайрлах сэтгэлээр эх болсныгоо мэддэгтэй энэ нь агаар нэгэн буй. Эхийн хайр ивээлээр үр нь ч гэсэн тав тухтай, бүлээн дулаан амгалан тайван өсч бойжино. Гэвч хүмүүс Бурхан багшийн энэ амин сэтгэлийг үл ухаарах бүлгээ. Тиймээс ч хорвоогийн тачаал шуналд олзлогдон, шаналал зовлонд автаж, төөрөлдөн тарчилна.
Нүгэлт үйлийн үрээ даахгүй зовж, төөрөгдлийн нэг уулнаас нөгөө ууланд хэсүүчилнэ.
2. Бурхан багшийн нигүүлсэнгүй, энэрэнгүй сэтгэл зөвхөн энэ ертөнцийн амьдралаар үл хязгаарлагдана. Энэ чанар нь мөнхийн бөгөөд аливаа хил хязгаарт үл баригдана. Нигүүлсэнгүй, энэрэнгүй сэтгэл нь хүмүүс энэ ертөнцөд мэндэлж, төөрөлдөн зовж,шаналан тарчилсаар амьсгал хураадаг болсон цагаас эхлээд оршиж байсан юм.
Бурхан багш хүмүүсийн ертөнцөд тэдний хамгийн ойр дотно дүрийг олж төрж, тэднийг аврахын тулд бололцоотой бүхнийг хийдэг. Бурхан багш Шагжа овгийн хааны гэрт хан хүүгийн дүрийг олон мэндэлж, хожим нь ордноо орхин явж, өөрийн биеийг хатамжлан зовоож, дараа нь гэгээрч, ард түмэнд сургаалаа номлож, эцэст нь амьсгал хурааж, ингэснээр үхлийн мөн чанарыг хүмүүст үзүүлсэн юм.
Хүмүүсийн төөрөгдөл зах хязгааргүй, Бурхан багшийн ариун үйл хэрэг ч эцэс төгсгөлгүй бүлгээ. Хүмүүсийн нүгэл хилэнцэд хил хязгаар үгүй бол, Бурхан багшийн нигүүлсэнгүй, энэрэнгүй сэтгэлд бас хил хязгаар үгүй. Учир иймээс гэгээрэх зам мөрд орохдоо Бурхан багш дөрвөн их тангараг өргөжээ.
Нэгдүгээрт, бүх хүнийг аварна, хоёрдугаарт, бүх төөрөгдлийг устгана, гуравдугаарт, бүх ном сургаалыг үзэж судална, дөрөвдүгээрт, заавал гэгээрнэ.
Энэхүү дөрвөн их тангарагийг өргөж Бурхан багш Өөрийн гэгээрэх замыг эхэлжээ. Замын эхэнд энэ дөрвөн тангарагийг өргөсний учир нь Бурхан багшийн сэтгэл бол Дээд зэргийн нигүүлсэнгүй, энэрэнгүй, хүмүүсийг өрөвдөн хайрлаж, аврахын элгэн халуун хүслэн гэдэгт л оршино.
З. Юуны түрүүн Бурхан багш төгс төгөлдөр чанарыг эзэмшихийн тулд бусад амьтны амь хороохын нүглээс салж, хүмүүст урт удаан наслахын ерөөл айлджээ. Бурхан багш хулгай хийх нүглээс салж, хүмүүс хүссэн бүхнээ хүртэж байхынерөөл дэвшүүлжээ. Бурхан багш бие махбодын шунал тачаалаас ангижирч, хүмүүс нэг нэгэндээ нүгэл хүсэхийг тэвчиж, цангах, өлсөхийн зовлонгоос ангижрахын ерөөл айлджээ.
Бурхан багш төгс төгөлдөр болохын тулд худал хэлэхийн нүглээс салж, зөвхөн үнэнийг хэлдэг хүмүүсийн санаа сэтгэлийн амгалан тайван байдлыг ухаарах ерөөлийг айлджээ. Бурхан багш хов живийн нүглээс ангижирч, хүмүүс нэг нэгтэйгээ найртай, эв түнжинтэй амьдарч, зөв зам мөрийг хамтран хайж олохын ерөөл айлджээ.
Бурхан багш муу үг хэлэх нүглээс салж, хүмүүсийн санаа сэтгэл байнга энх амгалан, амар тайван байж, түгшүүрт үл автахын ерөөл айлджээ. Тэрбээр дэмий чалчих дутагдлаас салж, хүмүүс нэг нэгэндээ анхаарал халамж тавьж байхын ерөөл айлджээ. Бурхан багш төгс төгөлдөр чанар эзэмшихийн тулд хармын сэтгэлээс салж, хүмүүс өглөгч байхын ерөөл айлджээ.
Тэрбээр үзэн ядах сэтгэлээс ангижирч, хүмүүс бие биедээ энэрэнгүй хандаж байхын ерөөл айлджээ. Бурхан багш харанхуй мунхагаас ангижирч, хүмүүс учир шалтгааны хуулийг үл ойшоон төөрөлдөхгүй байхын ерөөл айлджээ. Иймээс ч Бурхан багшийн нигүүлсэнгүй, энэрэнгүй сэтгэл бүгдэд зориулагдсан юм. Бурхан багш бүгдэд гагцхүү жаргалыг хүсэн ерөөдөг билээ. Бурхан багш эцэг эхийн хайраар хүн төрөлхтнийг энэрэн хайрлаж, төөрөгдлийн далайг эсэн мэнд даван туулах ерөөл айлддаг юм.
Эх сурвалж: Бурхан багшийн сургаал